Тэмцээний мэдээлэл

“Монгол цэрэг 2017” уламжлалт тэмцээн боллоо

2017 оны 3-р сарын 11, 12-нд буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт хүчний 084-р ангиас хамтран цэрэг, арми, хууль, хүчний байгууллагын алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2017” практик буудлагын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээний эхний өдөр тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болж карабины төрлийн тэмцээн явагдсан бол тэмцээний хоёр дахь өдөр гар бууны тэмцээн явагдаж тэмцээний хаалтын ажиллагаа боллоо. Гар бууны төрөл нь Макаров болон Стандарт гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдсан юм. Тэмцээний хоёр дахь өдөр тэмцээний хаалтын ажиллагаа явагдсан агаад, гар бууны төрлөөр халз буудлагын (shoot off) тэмцээнийг мөн зохион байгуулсан юм. Ингээд тэмцээний үеэр авсан зургуудаас сонирхуулъя.

 

Тэмцээнийг нээж Зэвсэгт хүчний 084-р ангийн захирагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ үг хэлэв.

Тэмцээнд нийт 12 байгууллагын 80 гаруй тамирчид оролцсон юм.

Монгол улсын төрийн дуулал эгшиглэж, төрийн далбааг мандуулснаар тэмцээн албан ёсоор эхэллээ.

Дасгалыг гүйцэтгэж эхлэхээс өмнө талбайн шүүгч тухайн дасгалыг тодорхой танилцуулж, тамирчдын нэрсийг дуудан буудлага хийх дэс дарааллыг тодорхой болгодог.

Шүүгч дасгалыг хэрхэн гүйцэтгэх талаар тодорхой танилцуулсны дараа тамирчид буудлага эхлэхийн өмнө дасгалын байгууламжтай танилцах дадлага хийдэг.

Тамирчин зэвсэггүйгээр танилцах дадлага хийсний дараа шүүгчийн командаар галт зэвсгийг авч, цэнэглэж бэлдээд тэмцээнийг эхлүүлнэ. Тэмцээний явцад бүх үйлдэл шүүгчийн командын дагуу өрнөнө.

Практик буудлагын аюулгүйн дүрэм ёсоор шилжилт хөдөлгөөн хийх, дайз солих… гэх мэт буудлага үйлдэхээс бусад ямар ч үед буудагчийн хуруу зэвсгийн гохон дээр байх ёсгүй. Хэрэв энэхүү дүрмийг зөрчвөл дасгал гүйцэтгэх явцад шууд зогсоож, тухайн тамирчны тэмцээнээс шууд хасдаг.

Тэмцээний хоёр дахь өдөр гар бууны төрлөөр Shoot-Off буюу халз буудлагын тэмцээнийг тамирчдын дунд зохион байгууллаа. Тус тэмцээн нь тамирчдыг хөгжөөх зорилготой, албан ёсны бус тэмцээн юм. Ийнхүү тэмцээн 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж, тэмцээний дүнг танилцуулан, тамирчдын шагналыг гардуулсны дараа тэмцээнийг хаасныг мэдэгдэж төрийн далбааг ёслол төгөлдөр буулгалаа.

Ийнхүү төрийн далбааг мандуулах, буулгах ёслол нь тухайн байршилд цэргийн анги, нэгтгэл байрласныг илтгэж байгаа хүндэтгэлийн арга хэмжээ юм.

Энэ удаагийн тэмцээнийг ан ав, аяллын барааны “ИХ АВ” төв ивээн тэтгэсэн юм.

Тэмцээний эхний өдөр болж өндөрлөсөн карабины тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг харах бол энд дарна уу.

Тэмцээний сүүлийн өдөр болж өндөрлөсөн гар бууны тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг харах бол энд дарна уу.