Аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм

Практик буудлагын спортод үндсэн 4 аюулгүйн зарчим байдаг. Үүнд:

1. Би галт зэвсэгтэй хэзээд цэнэгтэй мэт харьцана.
Энэ нь галт зэвсгийг үргэлж цэнэгтэй байж магадгүй гэж бодож, урьдчилан шалгаж, аюулгүй байдлыг хангаж, болгоомжтой харьцах ёстой гэсэн үг юм.

2. Би буудахыг хүсээгүй зүгт галт зэвсгийг чиглүүлэхгүй.
Энэ нь барьж байгаа зэвсгийнхээ хошууг хаашаа харж байгааг тогтмол хянаж, хаа хамаагүй зүг рүү санамсаргүй чиглүүлэхээс зайлсхийж, зөвхөн буудах зүг рүүгээ чиглүүлнэ гэсэн үг юм.

3. Би буудахын өмнө байны орчин тойрныг үргэлж хянана.
Энэ нь буудлага үйлдэхээс өмнө байны орчин тойронд хүн, амьтан, байнаас бусад ямарваа зүйл байгаа эсэхийг урьдчилж хянах ёстойг илэрхийлдэг.

4. Би буудлага үйлдэхээс бусад үед гохонд хуруу хүргэхгүй.
Энэ нь зэвсгийг гартаа барьж байх үедээ буудах л гээгүй бол бусдаар гохонд хуруу хүргэхгүй байх ёстой гэсэн үг юм.

Аюулгүйн үндсэн 4 зарчмыг цаг ямагт биелүүлж байх ёстой байдаг. Эдгээр зарчмыг зөрчсөн тохиолдолд шууд тэмцээнээс хасдаг.

Сэтгэлзүйн шинжлэх ухааны тодорхойлолтоор “Аливаа үйлдлийг 3000-аас доошгүй удаа давтвал рефлекс болж хувирдаг”. Иймд дээрх 4 зарчмыг биет байдлаар олон удаа давтах замаар галт зэвсэгтэй аюулгүй харьцах соёл, хэвшлийг эзэмших боломжтой.

Ер нь дан ганц тэмцээн ч гэлтгүй, амьдрал дээр аливаа хүн ямар ч тохиолдолд дээрх зарчмыг баримталж сурснаар санамсар болгоомжгүйгээс үүдэн гардаг “сум алдах” аюулаас зайлсхийж чадна.

Advertisements