Практик буудлага гэж юу вэ?

Практик буудлага нь галт зэвсэг ашиглан богино хугацаанд өгөгдсөн дасгалыг түргэн гүйцэтгэх буудлагын спортын нэг төрөл юм. Тийм ч учраас практик буудлагын спортын уриа нь латинаар DELIGENTIA, VIS, CELERITAS (товчоор DVC) буюу монголоор харгалзан ХУРД, ХҮЧ, ЦЭЦ юм. Өөрөөр хэлбэл практик буудлагын спорт нь хурд, хүч, цэц гэсэн гурван хүчин зүйлийг тэнцвэртэйгээр ашиглахад сургадаг.

Практик буудлагын үндсэн 6 төрөл байдаг. Үүнд:

  1. Гар буу (9х19мм ба түүнээс дээш калибрийн бүх төрлийн гар буу)
  2. Карабин (5.45х39мм ба түүнээс калибрийн урт буу, олон улсын нэршил нь Rifle)
  3. Гөлгөр гол төмөртэй урт буу (олон улсын нэршил нь shotgun)
  4. Бага калибрийн карабин (зөвхөн .22LR буюу 5.6х15мм-ийн калибр)
  5. Гар бууны сумтай карабин (олон улсын нэршил нь Pistol Caliber Carbine)
  6. Хийн гар буу (6мм-ийн үрлэн сумтай, олон улсын нэршил нь Action Air)

Бусад буудлагын төрлөөс ялгагдах гол онцлог нь тухайн дасгалыг гүйцэтгэх явцад цуглуулсан оноог зарцуулсан хугацаанд хувааж оноог тооцдог бөгөөд энэ нь тамирчнаас илүү хүч, илүү ур чадвар шаарддаг байна.

Практик буудлагын спортын үндсэн зорилго нь галт зэвсэгтэй аюулгүй, зөв харьцах соёлыг олон нийтэд түгээхэд оршино. Энэ спортоор хичээллэснээр санамсар болгоомжгүй үйлдлээс сум алдаж амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлж сурна. Тус спорт нь хагас зууны турш дэлхийн олон оронд хөгжихдөө санамсаргүй алдаа эндэгдлийн нэг ч тохиолдол гаргаагүй нь дэг журам, аюулгүй байдалд хамгийн сайн сургадаг хатуу чанд спортын төрөл гэдгээ тодорхой илтгэдэг юм.

Олон Улсын Практик Буудлагын Холбоо (International Practical Shooting Confederation) нь 1976 онд олон улсын гар бууны буудлагын спортын хуралдаанаар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдснөөр анх үүсэн байгуулагдсан. ОУПБХ-ны төв нь Испани улсын Марраци хотод байрладаг бөгөөд нийт 130 гаруй улсыг гишүүнээр элсүүлээд байна.