Нийтлэг зааварчилгаа

Ямар ч тэмцээн, бэлтгэл, сургуулилтын үед баримталдаг нийтлэг зааварчилгаанууд байдаг. Бүр төрлийн тэмцээн, бэлтгэл, сургуулилтын үед тамирчид болон үзэгчид шүүгч болон инструктор \(багш, дасгалжуулагч)-ын зааврыг чанд биелүүлэх үүрэгтэй.

 

Ямар ч тохиолдолд шүүгч болон инструкторын зөвшөөрөлгүйгээр галт зэвсгийг гэрнээс гаргах, дайз угсрахыг хориглоно. Галт зэвсэгтай харьцах бүх үйлдэл нь зөвхөн шүүгч болон инструкторын команд, зөвшөөрлөөр зөвхөн “ГАЛЫН ШУГАМ” дээр эсвэл “АЮУЛГҮЙН БҮС”-т хийгдэнэ.

“АЮУЛГҮЙН БҮС” гэдэг нь тухайн буудлагын талбайд буудахаас бусад буюу аюулгүй зүгт хуурай дасгал хийх, галт зэвсгийг задалж угсрах, тослох, засвар үйлчилгээ хийх зэрэг үйлдэл хийхийг зөвшөөрсөн газрыг хэлнэ. Аюулгүйн бүст дараах үйлдэл хийхийг хатуу хориглодог бөгөөд зөвхөн сумгүй хоосон дайз ашиглахыг зөвшөөрдөг .

  • Сум бүхий дайзанд гар хүрэх,
  • Сум болон түүнтэй ижил төстэй загварын хэрэгслийг гарт барих,
  • Галт зэвсгэнд сумтай дайз угсрах

Дасгал гүйцэтгэх буудагч нь “ГАЛЫН ШУГАМ” дээр зөвхөн талбайн шүүгч болон инструкторын командаар галт зэвсгийг гаргаж цэнэглэнэ. Бусад ямар ч тохиолдолд галт зэвсэг цэнэггүй байна. “Галын шугам” гэдэг нь буудлага үйлдэхээр тэмдэглэгдсэн цэг, зурвас юм.

Хуяг нэвтлэгч, шатаагч болон гэрэлтэгч сум ашиглахыг хориглоно. Аливаа сум хэрэгслийг шүүгч болон инструктор аюултай гэж үзвэл ашиглахыг зөвшөөрөхгүй.

Дасгал гүйцэтгэж эхлэх үед өгөгдөх шүүгч болон инструкторын тогтмол команд:

  1. ГАЛТ ЗЭВСГИЙГ ЦЭНЭГЛЭЖ БЭЛДЭНЭ ҮҮ” командаар галт зэвсгийг гэр, сав, хуйнаас гарган цэнэглэнэ.
  2. Дасгалын заагдсан нөхцлөөр бэлэн байдалд орно.
  3. БЭЛЭН ҮҮ?” командын хариуд буудагч ”Бэлэн” гэж хэлэх эсвэл толгой дохих байдлаар дасгалыг гүйцэтгэхэд бэлэн гэдгийг илтгэнэ. Буудагч бэлэн эсэхээ хариу мэдэгдээгүй тохиолдолд буудлагыг эхлүүлдэггүй.
  4. АНХААР” команд өгч 2-4 секундын дараа дуут дохио дуу гарснаар дасгалын гүйцэтгэл эхэлж, сүүлчийн буудалтаар хугацаа зогсоно.
  5. Шүүгч болон инструкторын “ХЭРЭВ БУУДАЖ ДУУССАН БОЛ ГАЛТ ЗЭВСГИЙГ ШАЛГАЖ АЮУЛГҮЙ БОЛГООД ХАРУУЛНА УУ” командаар цэнэггүй болгосон галт зэвсгийг шүүгч болон инструкторт харуулна.
  6. Дараагийн “ХЯНАЛТЫН БУУДЛАГА, ГАЛТ ЗЭВСЭГ ГЭРТ” командаар буудагч нь аюулгүй байдлыг сахин аюулгүй болгосон галт зэвсгийг гэр саванд хийнэ.
  7. Шүүгч болон инструкторын “БАЙГ ШАЛГА” командаар бай руу явна.

Тэмцээн болон бэлтгэл, сургуулилтын үед дараах зүйлсийг хатуу хориглодог бөгөөд тэмцээний үед тэмцээнээс хасах арга хэмжээ авагддаг.

  • “Галын шугам” болон “Аюулгүйн бүс”-ээс бусад газарт галт зэвсгэнд ДАЙЗ УГСАРСАН. Энэ нь аюулгүйн үндсэн 4 зарчмын №1-ийг зөрчсөн гэсэн үг.
  • Дасгалыг гүйцэтгэх явцад буудлагын АЮУЛГҮЙН ӨНЦӨГ эвдсэн. Энэ нь аюулгүйн үндсэн 4 зарчмын №2-ыг зөрчсөн гэсэн үг.
  • Аюулгүйн бүс болон галын шугамнаас бусад газар ГАЛТ ЗЭВСГИЙГ ГАРГАСАН. Энэ нь аюулгүйн үндсэн 4 зарчмын №3-ыг зөрчсөн гэсэн үг.
  • Буудлага үйлдэхээс бусад үед /шилжилт хөдөлгөөн, галт зэвсгийг цэнэглэх гэх мэт/ ГОХОНД ХУРУУ хүргэсэн. Энэ нь аюулгүйн үндсэн 4 зарчмын №4-ийг зөрчсөн гэсэн үг.
  • Дасгал гүйцэтгэх үед ЗҮЙ БУС ҮГ ХЭЛЛЭГ хэрэглэсэн, спортын бус байдлаар биеэ авч явсан
  • Буудлагын талбайд архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, бусдыг үл хүндэтгэж бүдүүлэг байдал гаргасан, бусдын зэвсэг, хэрэгсэл, эд хөрөнгөнд дур мэдэн халдсан.

Тэмцээний үед галын шугамнаас бусад газарт галт зэвсгийг санамсаргүй унагаасан тохиолдолд тэмцээнээс хасагдах арга хэмжээ авагдахгүй. Харин галт зэвсгийг газраас өөрөө авахыг хориглоно. Энэ тохиолдолд шүүгчийг дууддаг.