Тэмцээний журам

МОНГОЛЫН ПРАКТИК БУУДЛАГЫН ХОЛБООНЫ
ТЭМЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар “Монголын Практик Буудлагын Холбоо” ТББ (цаашид “Холбоо” гэх)-ын зүгээс дангаар болон хамтран буудлагын тэмцээн зохион байгуулах, мөн бусдын зохион байгуулсан тэмцээнд оролцохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2. “Монголын Практик Буудлагын Холбоо” ТББ, түүний харьяа нэгж, гишүүдээс буудлагын тэмцээнтэй холбоотойгоор гаргах аливаа үг, үйлдэл, баримт бичиг нь энэхүү журамд нийцсэн байна.

1.3. Буудлагаас бусад төрлийн спортын уралдаан, тэмцээнд оролцох, зохион байгуулах асуудал нь энэхүү журамд хамаарахгүй.

Хоёр. Тэмцээний ангилал, тодорхойлолт

2.1. Тэмцээнийг спортын төрлөөс нь хамааруулан дараах байдлаар хоёр ангилна. Үүнд:
2.1.1. Практик буудлагын тэмцээн
2.1.2. Буудлагын бусад төрлийн тэмцээн

2.2. Холбоо нь “Монголын Практик Буудлагын Холбооны дотоод журам”-ын 2.6 дугаарт тодорхойлсон зорилгынхоо хүрээнд буудлагын бусад төрөл, зүйлүүдээр тэмцээн зохион байгуулж болно.

2.3. Практик буудлагын тэмцээний түвшин:
2.3.1. Түвшин I – Клуб доторх тэмцээн
2.3.2. Түвшин II – Улсын аварга шалгаруулах болон дотоодын клуб хоорондох тэмцээн
2.3.3. Түвшин III – Олон улсын тэмцээн
2.3.4. Түвшин IV – Бүс нутгийн буюу тивийн аварга шалгаруулах тэмцээн
2.3.5. Түвшин V – Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2.4. Практик буудлагын тэмцээний зэвсгийн төрөл:
2.4.1. Гар буу
2.4.2. Карабин
2.4.3. Гөлгөр гол төмөртэй урт буу
2.4.4. Гар бууны сумтай карабин буюу товчоор ГСК
2.4.5. Бага калибрийн карабин
2.4.6. Хийн гар буу

2.5. Практик буудлагын тэмцээний түвшин болон зэвсгийн төрөл нь Олон Улсын Практик Буудлагын Холбоо (олон улсын нэршлээр “IPSC”, цаашид “ОУПБХ” гэх)-ны дүрэмд заасны дагуу бөгөөд хэрэв спортын дүрэм өөрчлөгдсөн бол олон улсын дүрмийг баримтална.

2.6. ОУПБХ-ны дүрэмд заасны дагуу III ба түүнээс дээш түвшний тэмцээнийг ОУПБХ-ны зөвшөөрлөөр, II түвшний тэмцээнийг Холбооны зөвшөөрлөөр баталгаажуулна. Үүнээс бусад практик буудлагын тэмцээнийг I түвшний тэмцээн гэж үзнэ.

2.7. Тэмцээнүүдийг ерөнхий зохион байгуулагчаас нь хамааран дараах байдлаар ангилна: Үүнд:
2.7.1. Холбооны тэмцээн – Холбоо болон түүний харьяа нэгжүүдийн зохион байгуулж байгаа тэмцээнүүд. Үүнд хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сурталчилгааны болон бусад зорилгоор санал болгосон, хүсэлт тавьсан, ивээн тэтгэсэн боловч Холбоо болон түүний харьяа нэгжүүд бүх зохион байгуулалтыг бүрэн хариуцаж хийсэн тэмцээн хамаарна.
2.7.2. Олон улсын тэмцээн – ОУПБХ, түүний харьяа бүс нутгуудаас зарласан олон улсад нээлттэй тэмцээн. Үүнд олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс гадна Монгол Улсын тамирчдыг оролцуулахыг зөвшөөрсөн гадаад улсын дотоодын тэмцээнүүд мөн хамаарна.
2.7.3. Хамтарсан тэмцээн – Бусад хувь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх хүсэлтийн дагуу зөвхөн тэмцээний дасгалын зохиомж, шүүлт, дасгал гүйцэтгэх дараалал, цагийн хуваарь зэрэг ажлыг хариуцаж ажилласан тэмцээнүүд.
2.7.4. Бусад тэмцээн – Холбооны тамирчдыг оролцохыг зөвшөөрсөн бусад төрлийн буудлагын тэмцээнүүд.

2.8. Холбоо нь практик буудлагын спортын үйл ажиллагааг Монгол Улсад хөгжүүлэх цор ганц байгууллага болохын хувьд практик буудлагын спортын дүрэм, аюулгүй ажиллагааны зарчим, нийтлэг зааварчилгааг зохион байгуулсан, оролцсон бүхий л тэмцээндээ мөрдлөг болгоно.

Гурав. Тэмцээний оролцогч

3.1. Тэмцээнд оролцогчдыг дараах 3 бүлэгт хуваана. Үүнд:
3.1.1. Тэмцээнд оролцож буй тамирчин (цаашид “Буудагч” гэнэ);
3.1.2. Шүүгч
3.1.3. Зохион байгуулагч ажилтан
3.1.4. Үзэгч

3.2. Холбооноос зохион байгуулдаг тэмцээний буудагчид нь дараах 3 бүлэгт хуваагдана. Үүнд:
3.2.1. ОУПБХ-ны гишүүд
3.2.2. Галт зэвсэг ашиглан үүрэг гүйцэтгэдэг тусгай чиг үүргийн алба хаагчид
3.2.3. Буудлагын спорт сонирхогч иргэд, олон нийт

3.3. Практик буудлагын спортын цол, зэрэг бүхий тамирчин нь Холбооны гишүүнчлэлгүй бол энэхүү журмын 3.2.3-т заасан “буудлагын спорт сонирхогч иргэд, олон нийт”-д хамааруулна.

3.4. Энэхүү журмын 3.2-т дурдсан буудагчдын бүлэг нь энэхүү журмын 2.7.1-д заасан Холбооны тэмцээнүүдийн хувьд мөрдөгдөх хэм хэмжээ юм. Бусад тэмцээнүүдийн хувьд энэ хэм хэмжээг мөрдөх албагүй.

3.5. Тэмцээний удирдамжид өөрөөр заагаагүй бол тэмцээн эхлэхээс өмнө Холбооны гишүүн гэж албан ёсоор бүртгэгдсэн тамирчин Холбооны тэмцээнд оролцох эрхтэй.

3.6. ОУПБХ-ны гишүүд буюу бусад орны практик буудлагын тамирчид өөрийн улсын холбооныхоо зөвшөөрлөөр Монгол Улсад болж байгаа практик буудлагын тэмцээнд оролцож болно.

3.7. Монгол Улсын тамирчид гадаад улс оронд болж буй практик буудлагын тэмцээнд оролцох бол ОУПБХ-ны дүрэмд заасны дагуу зөвхөн Холбооны зөвшөөрлөөр Холбооны гадаад харилцаа хариуцсан албан тушаалтнаар дамжуулан тэмцээнд оролцох хүсэлт гаргана.

3.8. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг Холбооны инструкторын зөвлөлөөс тусгай сонгон шалгаруулалтаар тодруулна. Хэрэв шигшээ баг байгаа бол шигшээ баг дотроос, байхгүй бол нийт тамирчдын дундаас сонгон шалгаруулалт хийнэ.

3.9. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бусад олон улсын тэмцээнд, хэрэв буудагчийн тооны хязгаар заагаагүй бол оролцох тамирчдын дунд сонгон шалгаруулалт хийхгүй. Зөвхөн Холбооны зөвшөөрлөөр тэмцээнд оролцуулна.

3.10. Гадаад болон дотоодод болж буй олон улсын зэрэглэл бүхий аливаа тэмцээнд оролцох тамирчин, шүүгч, албаны хүн бүгдийг Монгол Улсыг төлөөлж байгаа гэж үзэж ёс зүйн хувьд өндөр хариуцлага ногдуулах бөгөөд тэмцээнд мандуулах төрийн далбааг баг, тамирчдын ахлагчид гардуулна.

Дөрөв. Буудагчийн хувцас, хэрэглэл

4.1. Буудагчийн хувцас, хэрэглэлд аюулгүй байдлын болон спортын нийтлэг ёс зүйн үүднээс шаардлага тавина.

4.2. Бүх төрлийн тэмцээний оролцогчид нь нүдний шил, чихэвч заавал зүүнэ. Энэхүү шаардлага нь буудлагын талбайд байгаа хүн бүрд хамаатай.

4.3. Аюулгүй байдлын үүднээс зөвхөн спортын зориулалттай гутал, хувцас өмсөх бөгөөд спортын нийтлэг ёс зүйн үүднээс хэт задгай хувцаслахыг хориглоно. Үүнд хэвлийн хэсэг, нуруу ил гарсан богино хормойтой, мөн энгэр болон дал мөр задгай цамц, хэт богино өмд, дан цээживч, даашинз, банзал зэрэг хувцас хамаарна.

4.4. Хувцас, хэрэглэлийн өнгө, дизайн ямар ч байж болох боловч спортын нийтлэг ёс зүйн үүднээс улстөрийн шинжтэй, хүчирхийллийг дэмжсэн, уриалсан, бэлгийн аливаа чиг хандлагыг илэрхийлсэн, эсхүл эсэргүүцсэн, ямарваа ялгаварлан гадуурхлыг дэмжсэн, уриалсан, мансууруулах бодис, хууль бус бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчилсан зураг, текст бүхий гэх мэт зүй бус агуулгатай байхыг хориглоно.

4.5. Хэрэв буудагчийн хувцас, хэрэглэл нь аюулгүй байдлын болон спортын нийтлэг ёс зүйн шаардлагад нийцэхгүй бол шүүгчийн зүгээс солихыг шаардана. Хэрэв буудагч шүүгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, биелүүлэхээс татгалзвал тэмцээнээс хасах бөгөөд шаардлагатай гэж үзвэл буудлагын талбайгаас гарахыг шаардана.

4.6. Буудагч нь хувцас, хэрэглэл дээр ОУПБХ-ны логог байрлуулах тохиолдолд Холбооны дотоод журмын 5.10-т заасны дагуу Холбооны логог заавал хамтад нь ашиглах бөгөөд ижил хэмжээтэйгээр, ижил түвшинд байрлуулна.

4.7. Практик буудлагын тэмцээнд оролцогчийн хувцас, хэрэглэл нь ОУПБХ-ны дүрэмд заасны дагуу байна.

4.8. Практик буудлагын олон улсын тэмцээнд оролцогчийг Монгол Улсыг төлөөлж буй хэмээн үзэж өмсгөлийн дизайныг Холбооны зөвшөөрлөөр баталгаажуулна.

4.9. Практик буудлагын олон улсын тэмцээнд оролцогчийн өмсгөл нь дараах стандартыг хангасан байна.

4.9.1. Цээжин биеийн өмсгөл (цамц, футболк, жерси, поло… гэх мэт)-ийн стандарт:
4.9.1.1. Зүүн энгэрт, зүрхэн тушаа Монгол Улсын төрийн далбаа байрлуулна. Төрийн далбаа нь 5см х 10см хэмжээтэй байна. Төрийн далбааны доор, латин үсгээр буудагчийн нэр, цэг, овгийн эхний үсгийг том үсгээр бичнэ. Нэрийн уртаас хамааран үсгийн хэмжээ өөр байж болох боловч өндөр нь 1.5см-ээс ихгүй байна. Нэрийн дор Холбооны болон тэмцээнд гүйцэтгэж буй албан тушаалыг бичиж болно.
4.9.1.2. Өмсгөл нь заавал ханцуйтай байх бөгөөд ханцуйны урт ямар ч байж болно. Баруун ханцуйн дээр Холбооны лого, зүүн ханцуйн дээр ОУПБХ-ны логог байрлуулна. Лого нь 7х7см тэгш өнцөгтөд дүүрэн багтах хэмжээтэй байх ба логоны дээд ирмэгийг мөр, гарын уулзвар цэгээс доош 5см зайтай, тэгш хэмтэйгээр байрлуулна.
4.9.1.3. Ар нурууны хэсэгт, нурууны уулзвараас доош 10см зайтай Монгол Улсын нэрийг латин том үсгээр голлуулж бичнэ. Үсгийн өндөр 6см байна.
4.9.1.4. Ар нурууны хэсэгт буудагчийн нэрийг бичиж болно. Энэ тохиолдолд зах, нурууны уулзвараас доош 3см зайтай буудагчийн нэр, овгийн эхний үсгийн хамт, латин үсгээр, том үсгээр бичих бөгөөд үсгийн өндөр 3см-ээс ихгүй байна. Өөр газар нэр бичихгүй.
4.9.1.5. Баруун энгэрт тэмцээний нэр, лого, эсхүл буудагчийн оролцож буй төрөл, ангилал, багийн нэр, лого, ивээн тэтгэгчийн нэр, лого зэргийг байрлуулж болох бөгөөд зүүн энгэрт буй Монгол Улсын төрийн далбаанаас дээгүүр түвшинд байрлах ёсгүй.
4.9.1.6. Нуруу болон хэвлийн хэсэгт, Монгол Улсын нэр, төрийн далбаанаас доош ивээн тэтгэгчийн нэр, логог байрлуулж болно.
4.9.1.7. Өмсгөл халаастай байхыг хориглоно.
4.9.1.8. Өмсгөлийн хормой нь өмдний тэлээнд даруулж болохуйц урттай байх ба өгзөгнөөс давсан урттай байхыг зөвшөөрөхгүй.

4.9.2. Хүрэмний стандарт:
4.9.2.1. Хүрмэнд Монгол Улсын нэр, төрийн далбаа, Холбооны лого, ОУПБХ-ны лого, буудагчийн нэр, ивээн тэтгэгчийн нэр, логог байрлуулах тохиолдолд цээжин биеийн өмсгөлтэй адил стандарт мөрдөнө.
4.9.2.2. Хүрэмний халаас нь цахилгаан товчтой, эсхүл халаасны ам дарсан хаалттай, товчтой байна.
4.9.2.3. Ямарваа орооцолдох, гогдох эрсдэл бүхий уяа, олс, цацаг, хаялга зэрэг дизайны нэмэлт хийцийг зөвшөөрөхгүй.

4.9.3. Өмд, богино өмдний стандарт:
4.9.3.1. Өмд болон богино өмд нь шулуун хэлбэртэй байна. Өргөн, халхгар хэлбэрийг зөвшөөрөхгүй.
4.9.3.2. Богино өмдний шуумагны урт нь хоёр шуумагны уулзварын доод цэгээс доош 20см-ээс багагүй урттай байна.
4.9.3.3. Өмдний шуумагны урт нь зогсоо байрлалд шагайнаас доош 3см-ээс хэтрэхгүй урттай байвал зохино.
4.9.3.4. Өмдний доод халаас нь цахилгаан товчтой, эсхүл халаасны ам дарсан хаалттай, товчтой байна.
4.9.3.5. Ямарваа орооцолдох, гогдох эрсдэл бүхий уяа, олс, цацаг, хаялга зэрэг дизайны нэмэлт хийцийг зөвшөөрөхгүй.
4.9.3.6. Өмд ба богино өмдөнд төрийн далбаа байрлуулах, улсын нэрийг бичихийг хориглоно.

4.9.4. Өмсгөл дээр бичигдэх үсгийн фонт, өнгөний сонголт нь дизайны шийдлээс хамаарч ямар ч байж болох боловч шууд уншигдахуйц, тод, гаргацтай байх бөгөөд тэгш хэмтэй, голлосон (centered) формат бүхий байвал зохино.

4.10. Практик буудлагын 2 ба түүнээс доош түвшний тэмцээнд оролцогчийн өмсгөлийг Холбооноос батламжлахгүй боловч энэхүү журмын 4.9-д заасан стандартыг хангасан байхыг зөвлөнө.

Тав. Тэмцээний санхүүжилт

5.1. Тэмцээний санхүүжилтийг дараах эх үүсвэрээр санхүүжүүлж болно. Үүнд:
5.1.1. Тэмцээн зохион байгуулагчийн өөрийн эх үүсвэр;
5.1.2. Тэмцээнд оролцогчдын хураамж;
5.1.3. Ивээн тэтгэгчдийн хандив, дэмжлэг;
5.1.4. Холбооны хамтран ажиллагч, түншийн санхүүжилт;

5.2. Ивээн тэтгэлэг, хандив, дэмжлэг өгөх этгээд нь хууль бус үйл ажиллагаанаас орлого олсон, эсхүл мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцсон бол тус этгээдээс ямар нэг хэлбэрээр ивээн тэтгэлэг, хандив, дэмжлэг авахыг хориглоно. Хэрэв энэхүү хууль бус үйл ажиллагааны талаар Холбоо мэдээгүй бол хариуцлагаас чөлөөлөгдөнө.

5.3. Ивээн тэтгэгчийн үйл ажиллагаа нь хэдий хууль ёсны боловч Холбооны зорилго, үйл ажиллагааны чиглэл, бодлоготой харшилдах бол ивээн тэтгэлгийг хүлээн авах, зөвшөөрөх боломжгүй.

5.4. Ивээн тэтгэлэг, хандив, дэмжлэгийн хэлбэр нь мөнгөн болон мөнгөн бус, биет ба биет бус аль ч хэлбэрээр, ямар ч хэмжээгээр байж болох бөгөөд гагцхүү ивээн тэтгүүлэгчийн зардлыг хөнгөвчлөх, эсхүл орлогод эергээр нөлөөлөхүйц байвал зохино.

5.5. Тэмцээнтэй холбоотой ивээн тэтгэлэг, хандив, дэмжлэг нь дараах төрөлтэй байж болно. Үүнд:
5.5.1. Тэмцээний ивээн тэтгэгч;
5.5.2. Шагналын ивээн тэтгэгч;
5.5.3. Баг, тамирчны ивээн тэтгэгч;

5.6. Тэмцээний ивээн тэтгэгч гэж тухайн тэмцээний зардлыг санхүүжүүлж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ. Тэмцээний ивээн тэтгэгчийг тухайн тэмцээний зар, мэдээний хүрээнд өргөн сурталчилна.

5.7. Шагналын ивээн тэтгэгч нь Холбоотой зөвшилцсөний үндсэн дээр өөрийн үзэмжээр зөвхөн тухайн тэмцээнд, тодорхой төрөл, ангилал, дэд ангилалд, багийн болон хувийн дүнгээр, тодорхой амжилтын эзнийг шагнаж болно. Шагналын ивээн тэтгэгчийг зөвхөн тухайн тэмцээний зар, мэдээний хүрээнд сурталчилна.

5.8. Хамтарсан тэмцээн болон харьяа клубийн бие даан зохион байгуулсан тэмцээний ивээн тэтгэгчийг сурталчлах үүргийг Холбоо хүлээхгүй, тухайн тэмцээний ерөнхий зохион байгуулагч хариуцна.

5.9. Практик буудлагын спортын тамирчин, баг нь ивээн тэтгэлэг авах бол Холбооноос урьдчилан зөвшөөрөл авсан байна. Баг, тамирчны ивээн тэтгэгчийг сурталчлах үүргийг Холбоо хүлээхгүй.

5.10. Олон улсын тэмцээнд оролцох тамирчны өмсгөл дээр ивээн тэтгэгчийн нэр, логог байрлуулах тохиолдолд Холбоотой гэрээ байгуулна.

5.11. Холбооны харьяа клуб нь өөрийн ивээн тэтгэгч, хамтран ажиллагч, түнштэй байж болох бөгөөд баг, тамирчдын адил Холбооноос урьдчилан зөвшөөрөл авсан байна.

5.12. Харьяа клуб, баг, тамирчин нь ивээн тэтгэлгийн асуудлаар заавал гэрээ байгуулах бөгөөд гэрээний нэг хувийг Холбоонд хадгалуулах үүрэгтэй.

5.13. Тухайн тэмцээнийг зохион байгуулахад Холбоотой гэрээний үндсэн дээр хамтран ажиллагч, түнш байгууллагын нөлөөлөл, хүч дэмжлэг орсон гэж үзвэл тэмцээний ивээн тэтгэгч гэж тооцож тэмцээний үеэр сурталчилж болно.

Зургаа. Тэмцээний зохион байгуулалт

6.1. Тэмцээнийг Холбооны зөвшөөрлөөр харьяа клуб зохион байгуулж болно.

6.2. Тэмцээн зохион байгуулагчид нь Холбооноос гаргасан дүрэм, аюулгүй ажиллагааны зааврын дагуу дасгалыг зохиож Холбооноос баталгаажуулсны дараа тэмцээнийг явуулна.

6.3. Дээрх шаардлагад нийцээгүй тэмцээнийг Холбооноос хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Холбооны зүгээс ямарваа үүрэг, хариуцлага хүлээхгүй.

6.4. Хамтарсан тэмцээний хувьд тэмцээний удирдамжийг тэмцээн хамтран зохион байгуулах эрх зүйн баримт, шийдвэр, хэлцэл гэж үзэх бөгөөд зохион байгуулагч талууд бүгд баталгаажуулна.

6.5. II ба түүнээс дээш түвшний тэмцээн нь тухайлсан удирдамжтай байна.

6.6. Тэмцээний удирдамжид дараах мэдээллийг тодорхой тусгана. Үүнд:
6.6.1. Тэмцээний зохион байгуулагч, ивээн тэтгэгч;
6.6.2. Тэмцээн болох огноо, үргэлжлэх хугацаа;
6.6.3. Тэмцээн болох байршил;
6.6.4. Тэмцээний төрөл;
6.6.5. Оролцох боломжтой буудагчдын бүлэг;
6.6.6. Тэмцээний цагийн хуваарь, арга хэмжээний хөтөлбөр;
6.6.7. Бүртгэлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл;
6.6.8. Ерөнхий зааварчилгаа;
6.6.9. Тэмцээний удирдагч, Ерөнхий шүүгч, Онооны шүүгч зэрэг зайлшгүй томилох шаардлагатай хариуцлагатай албан тушаалтнуудыг тодорхой нэр цохож зааж өгнө;

6.7. Тэмцээний удирдамж нь тэмцээн эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө батлагдсан байна.

6.8. Тэмцээний зохион байгуулалтад ажиллаж буй туслах шүүгч, зохион байгуулагч ажилтан, тэмцээнд оролцож буй тамирчин бүрийг аюулгүй ажиллагааны ажилтан гэж үзэх бөгөөд зэвсэгтэй харьцаж буй, тэмцээнийг үзэж сонирхогч хэн бүхэнд аюулгүй ажиллагааны шаардлага тавих эрхтэй.

6.9. Аливаа тэмцээний үед аюулгүй ажиллагааны зарчим болон бусад дүрэм, журам ноцтой зөрчигдсөн, эсхүл аюултай байдал үүссэн гэж үзвэл тэмцээний удирдагч, шүүгчдийн зүгээс ямар ч үед аль нэг дасгал болон тэмцээнийг түр зогсоох, эсхүл бүрмөсөн цуцалж болно.

6.10. Аюулгүй ажиллагааны зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй, хүлээж аваагүй, эсэргүүцсэн хүнийг тэмцээний удирдагч, шүүгчдийн зүгээс дасгалын болон буудлагын талбайгаас гарахыг шаардах эрхтэй. Шаардлагатай гэж үзвэл тухайн этгээдийг талбайгаас гарах хүртэл тухайн дасгал, эсхүл тэмцээнийг бүхэлд нь түр зогсоож болно.

Долоо. Дасгалын ерөнхий зарчим

7.1. Холбоо нь аливаа тэмцээнийг зохион байгуулахдаа тэмцээний дасгалуудыг зохиоход доор дурдсан үндсэн зарчмуудыг баримтална.
7.1.1. Аюулгүй байдал – Бүх тэмцээнийг практик буудлагын спортын аюулгүй байдлын дүрмийн дагуу зохиож явуулна.
7.1.2. Чанар – Дасгалуудыг зохиохдоо тэмцээнд буудагчдын бие бялдарын бус буудлагын чадварыг шалгах, хөгжүүлэх зорилгоор хийнэ.
7.1.3. Тэнцвэрт байдал – Онооны буудалтын тоо, бай хүртэлх зай, нэг байршил дээрээс буудаж болох сумны хязгаар гэх мэт практик буудлагын спортын стандартыг хангаж дасгалуудыг зохионо.
7.1.4. Давтагдашгүй байдал – Холбооны буудлагын зохиомж олон төрөл байх ба тэмцээн бүрт зориулж шинэ дасгалыг зохиох шаардлагагүй боловч нэг дасгалыг олон дахин давтан ашиглахгүй. Үүнд дасгалын төсөөт байдал хамаарахгүй.
7.1.5. Чөлөөт байдал – Дасгалыг зохиомжлохдоо буудагч өөрийн чадвар, боломжийг ашиглан чөлөөтэй сэтгэх, гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ. Гэхдээ тухайн зохиомж дасгалыг гүйцэтгэхэд буудагчийг зайлшгүй байдалд оруулсан саад бэрхшээлүүдтэй байж болно.
7.1.6. Саад – Холбооны тэмцээнд төрөл бүрийн саадуудыг ашиглаж болох ч энэ нь буудагчдын бие бялдарын онцлогт ижил тэгш нөхцөлтэй байхаар тооцож, цаг хугацааны болон буудлагын саадыг тохируулна.
7.1.7. Техникийн нөхцөл – Зэвсгийг сумны хүчин чадал, хурд, калибр, ажиллагаагаар нь ангилан бүх буудагчдад ижил тэгш нөхцөлийг бүрдүүлнэ.
7.1.8. Тэгш боломж – Аливаа дасгалыг гүйцэтгэх үед хэн нэг буудагчид давуу тал олгохгүй байхад анхаарна. Хэрэв Ерөнхий шүүгч болон талбайн шүүгчийн зүгээс дасгалын нөхцлийг хүндрүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ нь тухайн дасгалын хувьд бүх буудагчдад хүчин төгөлдөр үйлчилнэ.
7.1.9. Тодорхой байдал – Онооны систем нь бүх буудагчдад ойлгомжтой, нэг дүрмээр, ижил шалгуураар дүгнэх боломжийг олгох бөгөөд ОУПБХ-ноос хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны програм хангамжийг ашиглана.

7.2. Дээрх зарчмууд нь ОУПБХ-ны дүрэмд заасны дагуу бөгөөд хэрэв спортын дүрэм өөрчлөгдсөн бол олон улсын дүрмийг баримтална.

7.3. Бусад төрлийн тэмцээний дасгалыг зохиомжлоход практик буудлагын спортын дүрэмд тусгасан зарчмыг мөрдлөг болгоно.

7.4. Гар буу, урт буу, карабин зэрэг хоёр ба түүнээс дээш тооны галт зэвсэг ашиглан дасгал гүйцэтгэхийг нийлмэл дасгал гэнэ. Нэг тэмцээний дасгалууд тус бүр өөр төрлийн зэвсгээр гүйцэтгэх нь мөн үүнд хамаарна. Нийлмэл дасгалыг практик буудлагын спортын II ба түүнээс дээш түвшний тэмцээнд ашиглахгүй.

Найм. Нийтлэг зааварчилгаа

8.1. Бүх төрлийн тэмцээн, бэлтгэл, сургуулилтын үед тамирчид болон үзэгчид нь шүүгч болон инструкторын зааврыг чанд биелүүлэх үүрэгтэй.

8.2. Ямар ч тохиолдолд шүүгчийн зөвшөөрөлгүйгээр зэвсгийг гэрнээс гаргах, дайз угсрахыг хориглоно. Зэвсэгтэй харьцах бүх үйлдэл нь зөвхөн шүүгчийн команд, зөвшөөрлөөр зөвхөн “Галын шугам” дээр эсвэл “Аюулгүйн бүс”-т хийгдэнэ.

8.3. “Аюулгүйн бүс” гэдэг нь тухайн буудлагын талбайд буудахаас бусад буюу аюулгүй зүгт хуурай дасгал хийх, зэвсгийг задалж угсрах, тослох, засвар үйлчилгээ хийх зэрэг үйлдэл хийхийг зөвшөөрсөн газрыг хэлнэ.

8.4. Аюулгүйн бүст дараах үйлдэл хийхийг хатуу хориглодог бөгөөд зөвхөн сумгүй хоосон дайз ашиглахыг зөвшөөрнө. Үүнд:
8.4.1. Сум бүхий дайзанд гар хүрэх;
8.4.2. Сум болон түүнтэй ижил төстэй загварын хэрэгслийг гарт барих;
8.4.3. Зэвсэгт сумтай дайз угсрах;

8.5. Дасгал гүйцэтгэх буудагч нь “Галын шугам” дээр зөвхөн талбайн шүүгчийн командаар зэвсгийг гаргаж цэнэглэнэ. Бусад ямар ч тохиолдолд зэвсэг цэнэггүй байна. “Галын шугам” гэдэг нь буудлага үйлдэхээр тэмдэглэгдсэн цэг, зурвас юм.

8.6. Тэмцээний удирдамжид тусгайлан заагаагүй бол бүх тэмцээнд хуяг нэвтлэгч, шатаагч болон гэрэлтэгч зэрэг тусгай зориулалтын сум ашиглахыг хориглоно. Аливаа сум, хэрэгслийг шүүгч аюултай гэж үзвэл ашиглахыг зөвшөөрөхгүй.

8.7. Дасгал гүйцэтгэж эхлэх үед өгөгдөх шүүгч болон инструкторын тогтмол команд:
8.7.1. “ЗЭВСГИЙГ ЦЭНЭГЛЭЖ БЭЛД” командаар зэвсгийг гэр, сав, хуйнаас гарган цэнэглэнэ.
8.7.2. Дасгалын заагдсан нөхцлөөр бэлэн байдалд орно.
8.7.3. “БЭЛЭН ҮҮ?” командын хариуд буудагч ”Бэлэн” гэж хэлэх эсвэл толгой дохих байдлаар дасгалыг гүйцэтгэхэд бэлэн гэдгийг илтгэнэ. Буудагч бэлэн эсэхээ хариу мэдэгдээгүй тохиолдолд буудлагыг эхлүүлэхгүй.
8.7.4. “АНХААР” команд өгч 2-4 секундын дараа дуут дохио дуу гарснаар дасгалын гүйцэтгэл эхэлж, сүүлчийн буудалтаар хугацаа зогсоно.
8.7.5. “ХЭРЭВ БУУДАЖ ДУУССАН БОЛ ЗЭВСГИЙГ ШАЛГАЖ АЮУЛГҮЙ БОЛГО” командаар цэнэггүй болгосон зэвсгийг шүүгчид харуулна.
8.7.6. “ХЯНАЛТЫН БУУДЛАГА, ЗЭВСЭГ ГЭРТ” командаар буудагч нь аюулгүй байдлыг сахин аюулгүй болгосон зэвсгийг гэр, саванд хийнэ.
8.7.7. “БАЙГ ШАЛГА” командаар буудагч шүүгчийн хамт бай руу явж болно.

8.8. Тэмцээн болон бэлтгэл, сургуулилтын үед дараах зүйлсийг хатуу хориглох бөгөөд тэмцээний үед тэмцээнээс хасах, шаардлагатай бол талбайгаас хөөх арга хэмжээ авна.
8.8.1. “Галын шугам” болон “Аюулгүйн бүс”-ээс бусад газарт зэвсэгт ДАЙЗ УГСАРСАН;
8.8.2. Дасгалыг гүйцэтгэх явцад буудлагын АЮУЛГҮЙН ӨНЦӨГ эвдсэн.;
8.8.3. Аюулгүйн бүс болон галын шугамнаас бусад газар ЗЭВСГИЙГ ГАРГАСАН;
8.8.4. Буудлага үйлдэхээс бусад үед (шилжилт хөдөлгөөн, зэвсгийг цэнэглэх гэх мэт) ГОХОНД ХУРУУ хүргэсэн;
8.8.5. Тэмцээний үеэр ЗҮЙ БУС ҮГ ХЭЛЛЭГ хэрэглэсэн, спортын бус байдлаар биеэ авч явсан;
8.8.6. Спортын дүрэмд заасан бусад тохиолдолд;
8.8.7. Буудлагын талбайд архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, бусдыг үл хүндэтгэж бүдүүлэг байдал гаргасан, бусдын зэвсэг, хэрэглэл, эд хөрөнгөнд дур мэдэн халдсан;

8.9. Тэмцээний үед галын шугамнаас бусад газарт зэвсгийг санамсаргүй унагаасан тохиолдолд тэмцээнээс хасах арга хэмжээ авахгүй. Харин зэвсгийг газраас өөрөө авахыг хориглоно. Энэ тохиолдолд шүүгчийг дуудна.

Ес. Спортын цол, зэргийн болзол

9.1. Холбооны гишүүдэд зөвхөн практик буудлагын тэмцээнд оролцсон амжилтаас нь хамааруулан спортын цол, зэрэг олгоно.

9.2. Спортын цолыг Холбооноос болзол хангасан гэж үзэж өргөн мэдүүлсний дагуу спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.

9.3. Олон улсын хэмжээний мастер цол олгох болзол:
9.3.1. Практик буудлагын спортын 5-р түвшний тэмцээнд хувийн дүнгээр 1, 2, 3-р байрыг эзэлсэн бол;
9.3.2. Практик буудлагын спортын 4-р түвшний тэмцээнд хувийн дүнгээр 1-р байр эзэлсэн бол;
9.3.3. Практик буудлагын спортын 4-р түвшний тэмцээнд Overall дүнгээр 2, 3-р байр эзэлсэн бол;
9.3.4. Практик буудлагын спортын 4-р түвшний тэмцээнд Category дүнгээр 2, 3-р байрыг эзлэхдээ ялагчийн онооны 90%-д хүрсэн бол;
9.3.5. Практик буудлагын спортын 5 ба түүнээс олон улс оролцсон 3-р түвшний тэмцээнүүдэд 1, 2, 3-р байрыг хувийн дүнгээр 3-аас цөөнгүй удаа эзэлсэн бол;

9.4. Спортын мастер цол олгох болзол:
9.4.1. Эрэгтэй тамирчин улсын аварга шалгаруулах тэмцээнд Overall дүнгээр түрүүлсэн бол;
9.4.2. Эмэгтэй тамирчин улсын аварга шалгаруулах тэмцээнд Lady дүнгээр түрүүлэхдээ авсан оноо нь Overall дүнгээр ялагчийн онооны 85%-д хүрсэн бол;
9.4.3. Практик буудлагын спортын 3-р түвшний тэмцээнд авсан оноо нь Overall дүнгээр ялагчийн онооны 90%-д хүрсэн бол;
9.4.4. Практик буудлагын спортын 4 ба 5-р түвшний тэмцээнд авсан оноо нь Overall дүнгээр ялагчийн онооны 75%-д хүрсэн бол;

9.5. Спортын дэд мастер цол олгох болзол:
9.5.1. Эрэгтэй тамирчин улсын аварга шалгаруулах тэмцээнд 2, 3-р байр эзлэхдээ авсан оноо нь Overall дүнгээр ялагчийн онооны 90%-д хүрсэн бол;
9.5.2. Эмэгтэй тамирчин улсын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр эзэлсэн боловч Overall дүнгээр ялагчийн онооны 85%-д хүрээгүй, мөн 2, 3-р байр эзлэхдээ авсан оноо нь Lady дүнгээр ялагчийн онооны 90% (Overall дүнгээр ялагчийн онооны 76.5%)-д хүрсэн бол;
9.5.3. Практик буудлагын спортын 3-р түвшний тэмцээнд авсан оноо нь Overall дүнгээр ялагчийн онооны 85%-д хүрсэн бол;
9.5.4. Практик буудлагын спортын 4 ба 5-р түвшний тэмцээнд авсан оноо нь Overall дүнгээр онооны 60%-д хүрсэн бол;
9.5.5. Практик буудлагын спортын 4 ба 5-р түвшний тэмцээнд 1, 2, 3-р байрыг багийн дүнгээр эзлэх үед авсан оноо нь багийг байр эзлэхэд нөлөөлсөн бол;

9.6. Улсын шүүгч цол олгох болзол:
9.6.1. Олон Улсын Практик Буудлагын Шүүгчдийн Холбоо (олон улсын нэршил нь International Range Officer’s Association буюу товчоор IROA, цаашид “ОУПБШХ” гэх)-ны шүүгчийн 2-р түвшний сургалтанд хамрагдаж, дараалсан 3 жилийн хугацаанд үндэсний хэмжээний болон олон улсын тэмцээнүүдэд 12-оос цөөнгүй удаа шүүгчээр ажилласан бол;
9.6.2. ОУПБШХ-ны шүүгчийн 3 ба түүнээс дээш түвшний сургалтанд хамрагдаж, олон улсын тэмцээнд 3 ба түүнээс олон удаа шүүгчээр ажилласан бол;

9.7. Спортын зэргийг харьяа клуб, гишүүнээс болзол хангасан гэж үзэж, өргөн мэдүүлсний дагуу Холбооны ерөнхийлөгчийн тушаалаар олгоно.

9.8. I зэрэг олгох болзол:
9.8.1. Улсын аварга шалгаруулах тэмцээнд авсан оноо нь Overall дүнгээр ялагчийн онооны 75%-д хүрсэн бол;
9.8.2. Практик буудлагын спортын 3-р түвшний тэмцээнд авсан оноо нь Overall дүнгээр ялагчийн онооны 70%-д хүрсэн бол;
9.8.3. Практик буудлагын спортын 4 ба 5-р түвшний тэмцээнд авсан оноо нь Overall дүнгээр ялагчийн онооны 55%-д хүрсэн бол;

9.9. II зэрэг олгох болзол:
9.9.1. Улсын аварга шалгаруулах тэмцээнд авсан оноо нь Overall дүнгээр ялагчийн онооны 70%-д хүрсэн бол;
9.9.2. Практик буудлагын спортын 3-р түвшний тэмцээнд авсан оноо нь Overall дүнгээр ялагчийн онооны 60%-д хүрсэн бол;
9.9.3. Практик буудлагын спортын 4 ба 5-р түвшний тэмцээнд авсан оноо нь Overall дүнгээр ялагчийн онооны 45%-д хүрсэн бол;

Арав. Бусад асуудал

10.1. Энэхүү журамд тусгагдаагүй асуудлыг Холбооны бусад дүрэм, журам, эрх зүйн баримт, шийдвэр болон Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, практик буудлагын спортын дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
10.2. Энэхүү журмыг зөрчигчид Холбооны дотоод журам, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.