Тэмцээний дүн

Shotgun-ийн ДАШТ-нд амжилттай оролцлоо

Монгол Улс практик буудлагын спортын гөлгөр гол төмөртэй урт буу (shotgun)-ны төрлөөр ДАШТ-нд анх удаагаа оролцлоо.

2023 оны 12-р сарын 3-аас 9-ний өдрүүдэд Тайланд улсын Паттаяа хотод гөлгөр гол төмөртэй урт буу (shotgun)-ны ДАШТ боллоо. 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Монголын тамирчид анх удаагаа өрсөлдсөн юм. 44 улсын 600 гаруй тамирчин өрсөлдөж буй тус тэмцээнд Монгол Улсаас 3 тамирчин эх орноо төлөөлөн оролцлоо.

Зүүн талаас: ОУХМ Ц.Дашдэмбэрэл, СМ Г.Наран-Очир, СДМ Б.Жавхлантөгс нар.

Ингээд 5 хоногийн турш нийт 30 дасгал, 500 гаруй буудалт гүйцэтгэж өрсөлдсөний эцэст Гар цэнэглэлттэй стандарт төрөлд өрсөлдсөн 101 тамирчнаас СМ Г.Наран-Очир 62%-ийн хувийн амжилтаар 72-р байр, СДМ Б.Жавхлантөгс 55%-ийн амжилтаар 84-р байр эзлэв. Тус ангилалд өрсөлдсөн ОУХМ Ц.Дашдэмбэрэл тэмцээний явцад жижиг алдаа гаргасны улмаас дүрмийн дагуу Гар цэнэглэлттэй Опен (оптик харааны хэрэгсэлтэй, нэмэлт тоноглол бүхий) ангилалд дэвшүүлж, 188 тамирчнаас 33%-ийн амжилтаар 180-р байр эзэллээ. Тэмцээний дэлгэрэнгүй дүнг энэ холбоосоос үзнэ үү.

Спортын мастер Г.Наран-Очир
Спортын дэд мастер Б.Жавхлантөгс
Олон улсын хэмжээний мастер Ц.Дашдэмбэрэл

Европ болон америк тивд түгээмэл тархсан, өндөр хөгжсөн shotgun нь манай улсын хувьд шинэхэн төрөл бөгөөд зэвсэг хийгээд сумны хувьд ч олдоц тааруу, өндөр зардалтай байдаг. Бага балчраасаа тогтмол хичээллэсэн дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчдаас хол хоцролгүй дундаж амжилт үзүүлсэн нь эхний удаа гэхэд хангалттай сайн үр дүн юм. Бүхий л зардлаа өөрсдөө хариуцаж, төсвөөс татаасгүй, ивээн тэтгэгчгүй, бор зүрхээрээ, чин сэтгэлээсээ эх орноо төлөөлөн амжилттай оролцсон тамирчдадаа халуун баяр хүргэе!