Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

Дугаар А/249

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт, түүнийг ашиглах журмыг батлах тухай

НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ. ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ

            1. Шахагдсан хийн даралтын хүчээр хошуу буюу үрлийг гол төмрөөс шидэх зориулалттай гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй хийн буу;

2. Амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, цочироох үйлчилгээ бүхий химийн бодис ашиглах зориулалттай гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй тусгай хэрэгслүүд;

Тайлбар: “тусгай хэрэгсэл” гэж хүний аминд үл хүрэх гэмтэл бэртэл учруулах, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, цочироох зэвсгийг ойлгоно.

3. Чанга дуу чимээ, гэрэл гаргах зориулалттай гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй дохионы хэрэгслүүд;

4. Сумны хошуу нь дангаараа буюу утсаар дамжуулан цахилгаанаар цохих үйлчилгээ үзүүлэх зориулалттай гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй  төсөөтэй тусгай хэрэгслүүд;

5. Сумны хошуу нь резин, хуванцар, даавуу болон бусад төрлийн материалаар хийгдсэн цохих /гэмтээх, бэртээх/ зориулалттай  гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй тусгай хэрэгслүүд;

6. Зэвт хошуу бүхий сумаар харвах зориулалттай хавчаахай /нумт буу/.

ХОЁРДУГААР ХАВСРАЛТ. ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЭЛ АШИГЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь иргэн, хуулийн этгээд галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Хууль сахиулах албаны зориулалтаар ашиглаж байгаа галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл энэ журамд хамаарахгүй.

1.3. Иргэн, хуулийн этгээд нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл ашиглахдаа Галт зэвсгийн тухай[1] болон Цагдаагийн албаны тухай[2] хууль, бусад хууль болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.4. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг иргэн ан агнах, спорт-сургалтын,  үзмэр, цуглуулгын, хуулийн этгээд нь спорт-сургалтын, үзмэр, цуглуулгын болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор ашиглана.

1.6. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.6.1. “галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл” гэж Галт зэвсгийн тухай хуулийн 3.1.4-т заасныг;
1.6.2. “буудлага үйлдэх байгууламж /тир/” гэж Галт зэвсгийн тухай хуулийн 3.1.5-д заасныг;
1.6.3. “хийн буу” гэж шахсан хийн даралтын хүчээр сумаа /үрэл буюу хошуу/ харвадаг зэвсгийг;
1.6.5. “хавчаахай” /нумт буу/ гэж хөвчийг татаж сум харвах зэвсгийг.

Хоёр. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэх

2.1. Энэ журмын 2.2-т зааснаас бусад галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг өмчлөх, эзэмших зорилгоор худалдаж авсан, улсын хилээр оруулсан иргэн, хуулийн этгээд ажлын 10 өдрийн дотор оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж бүртгүүлнэ.

2.1.1. Иргэн бол иргэний үнэмлэхний, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2.1.2. Оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

2.1.3. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн эх сурвалжийг тодорхойлсон бичиг баримт.

2.2. Иргэн, хуулийн этгээд өмчлөх, эзэмших зорилгоор худалдаж авсан, улсын хилээр оруулсан хийн бууны гол төмрөөс хошуу буюу үрлийн шидэгддэг агшины кинетик энерги нь 7.5 жоулиас их, хавчаахай /нумт буу/ нь зэвт хошуу бүхий сумтай, нумны хөвчний татах хүч нь 43 кг-аас дээш бол иргэн, хуулийн этгээд оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлнэ.

2.2.1. Галт зэвсгийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан иргэн энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг;

2.2.2. Хуулийн этгээд бол Галт зэвсгийн тухай хуулийн 12.3 дахь хэсэгт заасан баримт бичгийг.

2.3. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдан борлуулахаас өмнө тэдгээрийн нэр, төрөл, загвар, тоо ширхэгийг тусгасан мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ.

2.4. Галт зэвсгийн тухай хуулийн 12.9 дэх хэсэгт заасны дагуу цагдаагийн байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллага нь нийтэд худалдах зорилгоор импортолсон, худалдсан, тээвэрлэсэн болон иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн гэрэл зураг, нэр, төрөл, загвар, сумны жин, тоо ширхэгийг тусгасан мэдээллийн сантай байна.

2.5. Цагдаагийн байгууллага гаалийн байгууллагаас ирүүлсэн улсын хилээр нэвтрүүлсэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдээг тухай бүр мэдээллийн санд бүртгэх ажлыг зохион байгуулна.

2.6. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдээллийн санг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ашиглана.

2.7. Галт зэвсгийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлээгүй галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг иргэн, хуулийн этгээд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө цагдаагийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Нөхөн бүртгүүлж байгаа галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн эх үүсвэрийн талаар тайлбар шаардахгүй.

Гурав. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг ашиглах

3.1. Галт зэвсгийн тухай хуулийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй.

3.2. Иргэн, хуулийн этгээд нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлийг эзэмших, ашиглах тохиолдолд Галт зэвсгийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан ерөнхий шаардлагын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулна.

3.3. Хот, суурин газарт аюулгүй байдал хангасан буудлага үйлдэх байгууламж /тир/-д спорт-сургалтын буудлага, харваа хийж болно.

3.4. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд зориулалтын буудлага, харваа үйлдэх байгууламж /тир/-тай байна.

3.5. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалтад ороогүй галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглах, эзэмших, өмчлөхийг хориглоно.

3.6. Иргэн, хуулийн этгээд нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэлийн гэрчилгээний хамт зориулалтын сав хайрцагт хийж, гохыг цоожилж, сумыг тусад авч явна. Энэ нь албан үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалалтын алба хаагч, байгаль хамгаалагчид хамаарахгүй.

3.7. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн зориулалт, бүтцийг өөрчлөхийг хориглоно.

3.8. Энэ жагсаалтад ороогүй, гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд болон зориулалтын бусаар ашигласан, эрэн сурвалжлагдаж байгаа, үйлдвэрийн хийц, бүтцийг өөрчилсөн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг эрх бүхий албан тушаалтан хураана.

3.9. Хураагдсан галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг Галт зэвсгийн тухай хуулийн 23.3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

Дөрөв. Бусад зүйл

4.1. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг ашиглах журам зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.