Ангилал

Практик буудлагын спорт нь 9 төрлийн зэвсэг ашигладаг. Үүнд:

  1. Гар буу (Handgun)
  2. Бага калибрийн буюу 5.6х15мм-ийн гар буу (.22LR handgun)
  3. Карабин (Rifle)
  4. Гар бууны сумтай карабин буюу ГСК (Pistol Caliber Carbine)
  5. Гөлгөр гол төмөртэй урт буу (Shotgun)
  6. Бага калибрийн буюу 5.6х15мм-ийн карабин (Mini rifle)
  7. Хийн ажиллагаатай гар буу (Action Air handgun)
  8. Хийн ажиллагаатай карабин (Action Air rifle)
  9. Хийн ажиллагаатай гар бууны сумтай карабин (Action Air pistol caliber carbine)

Эдгээр зэвсгийн төрөл нь ажиллагааны зарчим, сумны тоо, нэмэлт тоноглол зэрэг техникийн онцлогоос хамааран дотроо ангилал (Division)-д хуваагддаг. Хамгийн энгийнээр тайлбарлавал буудах хурд, хугацааны хувьд эрс өөр учир хагас автомат эсвэл гар цэнэглэлттэй гэх мэтчилэн ялгаж авч үзнэ гэсэн үг. Ямар ч тохиолдолд ангилал давхцахгүй бөгөөд тэмцээний дүнг ангилал тус бүрээр гаргадаг. Жишээлбэл карабины ангилал нь:

  • Semi Auto Standard (оптик хэрэгсэлгүй, ил овоо хараа бүхий хагас автомат)
  • Semi Auto Open (бүх нэмэлт тоноглолыг зөвшөөрсөн хагас автомат)
  • Manual Action Bolt (уламжлалт замгийн ажиллагаа бүхий гар цэнэглэлттэй)
  • Manual Action Contemporary (бусад гар цэнэглэлттэй )

Бүх зэвсгийн төрөл нь дээрх байдлаар ангиллуудад хуваагддаг боловч практик буудлагын спортод бүрэн автомат ажиллагаатай зэвсгийг зөвшөөрдөггүй, спортын бус гэж үздэг. Хэрэв  техникийн эвдрэлийн улмаас зэвсэг автомат горимоор ажиллаж, гохны нэг даралтаар 2 ба түүнээс дээш сум гаргасан бол дүрэм зөрчсөн гэж үзэж тэмцээнээс хасдаг. Зэвсэг, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тамирчин өөрөө хариуцна.

Практик буудлагын спортод зэвсгийн төрөл, ангиллаас гадна буудагчийн бүлэг гэдэг ойлголт бий. Ангилал нь зэвсгийн техникийн онцлогоос хамааран үүсдэг бол буудагчийн бүлэг (Category) нь хүний онцлогоос хамаарсан ялгамж юм. Аль ч ангилал нь дотроо буудагчийн 6 бүлэгтэй. Үүнд:

  • Lady буюу эмэгтэйчүүд
  • Super junior буюу 16 нас хүрээгүй хүүхдүүд
  • Junior буюу 21 нас хүрээгүй өсвөр үе
  • Senior буюу 50-59 насны ахмадууд
  • Super senior буюу 60-69 насны ахмадууд
  • Grand senior буюу 70 ба түүнээс дээш насны ахимаг насныхан

Тухайн ангилал (Division) дотор бүх оролцогчийн оноог нэгтгэн дүгнэж гаргасан онооны хүснэгтийг Overall Result гэдэг. Харин тухайн ангилал дотор буудагчийн бүлгээр тооцсон онооны хүснэгтийг Category Result гэнэ. Ангилал болон буудагчийн бүлгийг оролцогчийн тооноос хамааран тэмцээний түвшин бүрт тусад нь шалгаруулах эсэхийг шийдвэрлэдэг.

Дээр дурдсан зэвсгийн төрөл, ангилал, буудагчийн бүлгүүд нь Олон Улсын Практик Буудлагын Холбоо (IPSC)-ны дүрэмд заасны дагуу бөгөөд хэрэв спортын дүрэм өөрчлөгдсөн бол олон улсын дүрмийг баримтална.