“Монгол цэрэг 2017” карабины тэмцээний дүн

2017 оны 3-р сарын 11-ний Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр МПБХ, Зэвсэгт Хүчний 084-р ангиас хамтран цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудын алба хаагч нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2017” тэмцээн эхэллээ. Тэмцээн карабины төрлөөр эхэлсэн юм. Ингээд 3-р сарын 11-ний өдөр болж өнгөрсөн карабины тэмцээний дүнг дэлгэрэнгүй танилцуулъя.

Карабины тэмцээнд нийт 8 багийн 54 тамирчин оролцож 5 дасгал гүйцэтгэснээс тэмцээний явц дунд 10 буудагч дүрмийн алдаа гаргаж хасагдлаа. Практик буудлага нь өгөгдсөн дасгалыг хамгийн богино хугацаанд, хамгийн цэцэн буудах ёстой байдгаараа онцлог спорт юм.

1-р дасгалд 20 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 100 оноо авах боломжтой байсан.

1-р дасгалыг хамгийн богино хугацаанд буюу 26.5 секундэд гүйцэтгэсэн буудагч нь спортын мастер Б.Хос-Эрдэнэ байсан бөгөөд ОУХМ А.Мөнхбат түүнээс их хугацаа зарцуулсан хэдий ч тус дасгалыг хамгаас цэцэн гүйцэтгэсэн буюу боломжит 100 оноог бүрэн цуглуулсан байна.

Ингээд тус дасгалд тамирчдыг үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлэхэд ОУХМ А.Мөнхбат 100%-ийн амжилт үзүүлж, 1-р дасгалыг тэргүүлсэн байна.

2-р дасгалд 12 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 60 оноо авах боломжтой байсан.

2-р дасгалын хувьд хамгийн цэцэн буудагчид нь боломжит 60 оноог бүрэн цуглуулж чадсан У.Тэмүүлэн, Д.Батсүмбэрэл нар байсан бол 10.21 секундэд дасгалыг гүйцэтгэсэн Б.Цэдэвсүрэн хамгийн богино хугацааны амжилтыг үзүүлжээ.

Ингээд тус дасгалд тамирчдыг үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлэхэд спортын мастер Д.Золзаяа 100%-ийн амжилт үзүүлж, 2-р дасгалыг тэргүүлсэн байна.

3-р дасгалд 30 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 150 оноо авах боломжтой байсан.

3-р дасгалын хувьд хамгийн хурдан буудагч нь 37.11 секундын хугацаанд дасгалыг бүрэн гүйцэтгэсэн спортын дэд мастер Ц.Адилтулга байсан бол боломжит 150 онооноос 144 оноо авсан Л.Баярбаясгалан, Р.Лувсанням нар хамгийн цэцэн буудагчид боллоо. Хэдийгээр 30 сумны тус дасгалд 27 альфа, 3 чарли авсан тэднээс 29 альфа авсан илүү Д.Батбилгүүн цэцэн буудсан мэт харагдаж буй боловч 1 бай оноогүйн улмаас илүү байж чадсангүй. Учир нь практик буудлагын спортын дүрэм ёсоор бай оноогүй болон торгуулийн бай оносон тохиолдол бүрт -5 оноо өгдөг тул тэрбээр боломжит 150 онооноос 140 оноо цуглуулсан байна.

Ингээд тус дасгалд тамирчдыг үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлэхэд спортын дэд мастер Г.Лхагвабат 100%-ийн амжилт үзүүлж, 3-р дасгалыг тэргүүлсэн байна.

4-р дасгалд 9 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 45 оноо авах боломжтой байсан.

4-р дасгалын хувьд хэд хэдэн буудагчид боломжит 45 оноог бүрэн цуглуулсан боловч спортын мастер М.Чинбат хамгийн богино хугацаанд буюу 21.05 секундэд дасгалыг гүйцэтгэж, тухайн дасгалын хувьд 100% амжилт үзүүлжээ.

Ийнхүү тус дасгалд спортын мастер М.Чинбат 100%-ийн амжилт үзүүлж, 4-р дасгалыг итгэл төгс тэргүүлжээ.

5-р дасгалд мөн 9 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 45 оноо авах боломжтой байсан.

Ийнхүү тус дасгалд Ц.Мөнхтүвшин 100%-ийн амжилт үзүүлж, 5-р дасгалд бусдыгаа хошуучилсан байна.

5-р дасгалын хувьд мөн хэд хэдэн буудагчид авах ёстой 45 оноог бүрэн цуглуулсан боловч Ц.Мөнхтүвшин хамгийн богино хугацаанд буюу 13.08 секундэд тус дасгалыг гүйцэтгэж, тухайн дасгалын хувьд 100% амжилт үзүүлэв.

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр тооцсон оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

Ингээд эцсийн дүнг гаргахад тэмцээнээ амжилттай дуусгасан 44 тамирчнаас ОУХМ А.Мөнхбат 100%-ийн амжилтаар түрүүлж, спортын мастер Д.Золзаяа 99.35%-ийн амжилтаар дэд байр, Б.Тамир 97.2%-ийн амжилтаар гуравдугаар байрыг тус тус  эзэллээ. Аль ч дасгалын хувьд хошуучлагчийн байр суурь эзлээгүй боловч бүх дасгалд жигд үзүүлэлт үзүүлж, тогтвортой амжилт гаргасан тул Б.Тамир нийлбэр дүнгээр 3-р байрт орж ирсэн байна.

Карабины төрөлд хувийн дүнгээр тэргүүлсэн тамирчид: ОУХМ А.Мөнхбат алтан медаль, спортын мастер Д.Золзаяа мөнгөн медаль, Б.Тамир хүрэл медаль

Практик буудлагын спортын дүрэм ёсоор багийн дүнг тухайн багийн 4 гишүүний 3-ынх нь авсан онооны нийлбэрээр тооцдог.

Ингээд багийн дүнг тооцож үзэхэд тэмцээнд оролцсон 8 багаас ШШҮХ-ийн “Форенсик” баг түрүүлж, МПБХ-ны “I баг” 2-р байр, ЗХ-ний 084-р ангийн “II баг” 3-р байрыг тус тус эзэллээ.

Карабины төрөлд тэргүүлсэн багууд. Өвөр эгнээнд зүүн гар талаас МПБХ-ны ерөнхийлөгч ОУХМ Д.Наранбаатар, ЗХ-ний 084-р ангийн захирагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ

Advertisements

2 comments

Comments are closed.