Тэмцээний мэдээлэл

“Mongolian Open 2017” тэмцээн боллоо

2017 оны 5-р сарын 20, 21-ний өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр “Mongolian Open 2017” практик буудлагын олон улсын III түвшний тэмцээн гар бууны төрлөөр хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монгол улсаас 5 багийн 20, ОХУ-ын Улаан-Үд, Чита мужаас 3 багийн 10, нийт 8 багийн 30 тамирчин оролцсон юм. Ингээд тус тэмцээнээс хийсэн фото сурвалжлагыг танилцуулъя.

Тэмцээнийг нээж МПБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Баярсайхан үг хэлэв.

Тэмцээний нээлт хийсэн эхний өдөр бороотой, салхитай хүйтэн өдөр байлаа.

Тэмцээн эхлэхээс өмнө шүүгч нар зөвлөлдөж, ерөнхий шүүгчээс зааварчилгаа авч байна.

Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Филлипин улсын иргэн Reynaldo Jose Gomez ирж ажиллалаа. Тэрбээр ОУПБХ-ны томилгоогоор ирсэн юм. Зураг дээр: зүүн гараас МПБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Баярсайхан, тэмцээний ерөнхий шүүгч Р.Х.Гомез, МПБХ-ны ерөнхийлөгч Д.Наранбаатар нар

Энэ удаагийн тэмцээнд олон орны төлөөлөл ирж чадаагүй бөгөөд зөвхөн ОХУ-ын тамирчид ирж оролцсон юм. Тэр дундаа Улаан-Үд хотын практик буудлагын холбооны тамирчид уламжлал ёсоор 4 дэх удаагаа ирж оролцлоо.

Энэ гоё медалийн эздээр хэн хэн тодрох бол?

Хэдий хүйтэн, бороотой байсан ч байгалийн хүнд нөхцөл тамирчны урмыг мохоохгүй, шүүгчийн анхаарлыг сарниулахгүй.

Шүүгчийн хяналтаас юу ч мултрахгүй. Зэвсгийг гэрнээс сугалсан ч, буцааж хийсэн ч, бай буудахаас бусад үед хуруу гохонд хүрэх ёсгүй.

ОУХМ А.Мөнхбат дасгал гүйцэтгэж байна. Өндөр хүнд давуу тал байна шүү. 

Бороотой өдөр цаасан байнууд маань нороод хэцүүхэн л байв.

Зэвсгийг байнаас өөр зүгт чиглүүлэх учиргүй. 

Амжилтын суурь нөхцөл нь дасгал гүйцэтгэх дарааллыг зөв төлөвлөх явдал.

Алс холын халуун бүсийн Филлипин орноос ирсэн Ерөнхий шүүгч Р.Х.Гомез-д Монголын хүйтэн хавар хэцүү байсан боловч тэрбээр гар хумхин чичирч суулгүй, цаг ямагт ажлаа хийсээр байсан юм.

Хөдөлгөөн дундаа гал нээх нь буудагчаас ихээхэн ур чадвар шаарддаг.

Спортын мастер М.Чинбат талбайн шүүгч Д.Энхбаатарын хяналт дор дасгал гүйцэтгэж байна.

Тал нутгийн уламжлалт зоог – хонины хорхог зочдод маань таалагдсан. Бороотой, хүйтэн өдөр өөхтэй тарган хонины мах буудагчдад эрч хүч, илч энерги хайрласан юм.

Хоёр гар зэрэг ажиллах боловч, долоовор хуруу эцсийн мөчид л хөдөлнө.

Энэ бол спорт. Спорт учраас та яарах хэрэгтэй, цаг хугацаатай уралдах ёстой.

Практик буудлагын бай: Поппер ба Төмөр таваг

Тус тэмцээний үеэр бидний дотны анд, эрхэм ах, хүндэт “аав” Алексей Павловыч Шепелев гуай маань гэнэтийн өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзүүлж буудагчид бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Чихрийн шижин өвчин нь хүндэрч, зүрхний ажиллагаа нь доголдож байсан хэдий ч өөрийн амь нас, эрүүл мэндийг үл хайхран тэртээ холоос тэмцээндээ оролцоно хэмээн зүтгэж ирсэн өвгөн ах минь спортын төлөө зүрх сэтгэлээ зориулсан, Монголд элэгтэй нэгэн байсан юм. Таны минь гэгээн дүр бидний зүрх сэтгэлд мөнхөд оршино. Энх амгалан орших болтугай.

Байнууд зөвхөн харагдах ёстой цэгээсээ л харагдана.

Галт зэвсэгт цэвэрлэгээ, үйлчилгээ хийх цэг бол “Аюулгүйн бүс”. Өөр бусад газар шүүгчийн зөвшөөрөлгүйгээр зэвсэгт гар хүрэх эрх буудагчид үгүй.

Спортын мастер Б.Хос-Эрдэнэ дасгалыг хэрхэн гүйцэтгэх төлөвлөгөөгөө боловсруулж байна.

Талбайн шүүгч Л.Сэрээтэр тамирчдад дасгалын талаар танилцуулж байна.

Зөвхөн дасгал гүйцэтгэж эхлэхийн өмнө, гагцхүү шүүгчийн командаар л зэвсэг цэнэглэж болно.

Буудагч өөр тийш харж байсан ч зэвсэг бай руу л чиглэх ёстой. Буудагч гүйж, сууж, босож, хэвтэж байлаа ч буудахаас бусад үед хуруу гохонд хүрэх ёсгүй.

Буудлага дууслаа. Байгаа шалгацгаая.

Буудагч, шүүгчийн аль аль нь буудлага эхлэхээс өмнө орчныг нягтлан шалгах ёстой.

Дараагийн буудагч дасгалаа эхлэхээс өмнө бай бүтэн болох учиртай.

Энэхүү онооны хүснэгт бол ОУПБХ-ноос хүлээн зөвшөөрсөн WinMSS программын өгөгдлийн суурь маягт юм. Энэ л маягт дээр бичигдэж, шүүгч тамирчин хэн хэн нь буудалтын үр дүнг баталгаажуулж гарын үсэг зурсан онооны хүснэгтийг онооны шүүгч нягтлан шалгаж программд оруулдаг.

Ингээд хүн бүр 12 дасгал гүйцэтгэж, 210 сум галласны эцэст хоёр өдөр үргэлжилсэн тэмцээн дуусч, үр дүнгээ тооцох цаг ирлээ. Оролцогчид байтугай шүүгч нар ч догдлон хүлээнэ…

Ингээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхлэлээ. Тэмцээний үр дүнг зарлахаас өмнө МПБХ-ны зүгээс манай тэмцээнийг зорин ирсэн ахмад тамирчдад хүндэтгэл илэрхийлэн дурсамж гардуулсан юм.

Тэмцээнд ирсэн ахмад тамирчдын нэг болох П.Полякин (хоёрдахь зураг) бол ОХУ-ын баатар хүн байсан нь биднийг тун их гайхшруулж түүнтэй зургаа авахуулахаар бүгд дугаарлан зогслоо.

ОУПБХ-ноос манай тэмцээнийг шүүхээр томилогдсон эрхэм шүүгч Р.Х.Гомез-д МПБХ-ны тамирчны өмсгөл дурсгалаа.

Дурсгалын зүйл гардуулж дууссаны дараа тэмцээний үр дүнг зарлаж аваргуудад медаль гардуулав.

Тэмцээний медальтнууд. Зүүн гараас: Мөнгөн медальт ОХУ-ын тамирчин В.Козлитин, Алтан медальт ОУХМ А.Мөнхбат, Хүрэл медальт СМ Д.Золзаяа нар

Багийн дүнгээр алтан медаль хүртсэн “Forensic” багийнхан. Зүүн гараас: Н.Ганбаяр, М.Чинбат, Д.Золзаяа, Б.Хос-Эрдэнэ нар шагнал гардуулсан холбооны удирдлагуудын хамт.

Багийн дүнгээр мөнгөн медаль хүртсэн “Alpha” багийнхан. Зүүн гараас: Г.Ганбаатар, Г.Лхагвабат, А.Мөнхбат, Б.Тамир

Багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн “Russia-Ulan Ude” багийнхан. Зүүн гараас: С.Тулуев, В.Сиденов, В.Козлитин

Тэмцээний медальтнууд

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн “Mongolian Open 2017” олон улсын III зэрэглэлийн гар бууны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Хэдийгээр энэ удаагийн тэмцээнд хоёрхон орны цөөн тамирчид оролцсон боловч өрсөлдөөний чанар өндөр түвшинд өрнөсөн юм. Хойтон жилийн наадам хол байна даа хол байна. Бэлтгэлээ чамбайхан базаавал ойрхондоо ойрхон.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг эндээс харна уу.

 

One thought on ““Mongolian Open 2017” тэмцээн боллоо

Comments are closed.