Тэмцээний мэдээлэл

5.11 challenge Mongolia 2017

2017 оны 5-р сарын 13, 14-нд “5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютер “Бродер Мерчантс” ХХК болон Монголын Практик Буудлагын Холбоо хамтран “5.11 challenge” практик буудлагын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. “5.11 tactical” брэндийн нэрэмжит энэхүү тэмцээн нь жил бүрийн 5-р сарын 11-ний өдөр дэлхий даяар зохион байгуулагддаг бөгөөд Монголд анх удаа зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Тэмцээний эхний өдөр тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болж карабины төрлийн тэмцээн явагдсан бол тэмцээний хоёр дахь өдөр гар бууны тэмцээн явагдаж тэмцээний хаалтын ажиллагаа боллоо. Гар бууны төрөл нь зөвхөн стандарт ангиллаар зохион байгуулагдсан юм. Тэмцээний үеэр тактикийн буудлагын “5.11 watch” бооцоот тэмцээнийг мөн зохион байгуулсан юм. Ингээд тэмцээний үеэр авсан зургуудаас сонирхуулъя.

Тэмцээн эхлэх цаг болж тамирчид эгнэн жагслаа.

Тэмцээнийг зохион байгуулагч, шүүгчид

Ирэх 6-р сард ОХУ-ын нийслэл Москва хотноо болох карабины ДАШТ-нд оролцох Монголын эмэгтэй баг тамирчид тус тэмцээнд оролцож бэлтгэлээ базаасан юм.

Ингээд тэмцээнийг ивээн тэтгэгч, зохион байгуулагч “5.11 tactical” брэндийн туг мандсанаар тэмцээн карабины төрлөөр эхэллээ

Тэмцээний дундуур 5.11 tactical брэндийн бугуйн цагны шагналтай, “5.11 watch” бооцоот дасгал зохион явуулсан нь буудагчдын шар хорыг малтсан сайхан өрсөлдөөнийг үүсгэж, үзэгчид болон оролцогчдыг хөгжөөсөн юм.

Тэмцээний үндсэн нөхцөл нь 10,000 төгрөгийн хураамж төлөөд тусгай өмсгөл өмсөж, өгөгдсөн дасгалыг хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн нь ялагч болох байлаа. Хэрэв буудлагын үр дүн оролцогчийн санаанд хүрэхгүй бол хураамжаа төлөөд дахин оролдлого хийх боломжтой байсан юм. Тус дасгал нь буудлагын явцад заавал дайз солих агаад сольсон дайзаа газарт хаях ёсгүй байснаараа практик буудлагын дүрмээс ялгаатай байв.

8кг хүнд жинтэй сум үл нэвтрэх хантааз өмсөөд 4кг карабинаар өөр өөр байрлалд байгаа бай буудна гэдэг амаргүй даваа

Тамирчдын хор шарыг гүнзгий малтаж, хоёр өдөр үргэлжилсэн “5.11 watch” бооцоот тэмцээнд спортын дэд мастер Ц.Адилтулга 7.79 секундын амжилтаар түрүүллээ. Тэрбээр 3 дахь оролдлогоороо энэхүү амжилтаа үзүүлсэн юм.

Тэмцээний хоёр дахь өдөр гар бууны төрлөөр үргэлжиллээ. Тэмцээнийг Eagle телевиз болон Star телевизүүд сурвалжилсан юм.

“5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютер “Бродер Мерчантс” ХХК-ийн захирал Б.Тамир

Тэмцээнд шүүгчийн туслахаар Монголын Эйрсофтын Холбооны гишүүд ажилласан юм. Баярлалаа залуус аа.

Гар бууны тэмцээн дууссаны дараа Улаанбаатар хотноо байрлах “5.11 tactical” брэндийн дэлгүүрт шагнал гардуулах ёслолын арга хэмжээ, босоо хүлээн авалт боллоо.

Ингээд тэмцээний дүнг танилцуулж аваргуудыг тодруулсан юм. Тэргүүн байрны шагналыг Б.Тамир захирлын эмээ, Монголын спорт буудлагын анхны тамирчдын нэг, спортын мастер, Чойбалсангийн мэргэн буудагч Балдандоржийн Чулуун гуай гардуулсан юм.

Карабины тэмцээний ялагчаар спортын дэд мастер Ц.Адилтулга тодорч аваргын алтан цом, 600,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхийн бичгээр шагнууллаа.

Гар бууны тэмцээний ялагчаар спортын мастер Г.Баярмагнай тодорч аваргын алтан цом, 600,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхийн бичгээр шагнууллаа.

Карабин болон гар бууны төрөлд 2-р байрыг спортын мастер Д.Золзаяа эзэлж төрөл тус бүрд 400,000, нийт 800,000 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн авах эрхийн бичгээр шагнуулав.

Карабины тэмцээнд 3-р байрыг О.Пүрэвжамц эзэлж 200,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхийн бичгээр шагнууллаа.

Гар бууны тэмцээнд 3-р байрыг Г.Ганбаатар эзэлж 200,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхийн бичгээр шагнууллаа.

Багийн дүнгээр ШШҮХ-ийн “Forensic” баг карабин болон гар бууны төрөлд хоюуланд нь түрүүлж түүхэн амжилтын эзэд болцгоолоо.

Түүнчлэн МПБХ-ны “Alpha” баг карабины төрөлд 2-р байр, гар бууны төрөлд 3-р байр эзэлж бас нэгэн гайхам амжилтыг үзүүлсэн юм.

ТТХГ-ын “Хишигтэн” баг гар бууны төрөлд 2-р байр эзэллээ.

МПБХ-ны “X1” баг карабины төрөлд 3-р байр эзэллээ.

Тэмцээний шилдэг эмэгтэй буудагчаар Н.Одгэрэл тодорч 200,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхийн бичгээр шагнууллаа.

Тэмцээний эхний өдөр болж өндөрлөсөн карабины тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг харах бол энд дарна уу.

Тэмцээний сүүлийн өдөр болж өндөрлөсөн гар бууны тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг харах бол энд дарна уу.