“Монголын Практик Буудлагын Холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн 2023 оны 2-р сарын 21-ний өдрийн хурлаар “Шүүгчдийн зөвлөлийн дүрэм“-ийг баталсантай холбогдуулан 2023 оны 4-р сарын 23-ны өдөр МПБХ-ны Шүүгчдийн Зөвлөлийн анхдугаар хурал болов.
Хурлын ирц 76% (13/17) байсан тул хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Хүндэтгэх шалтгааны улмаас чөлөөлөгдсөн 3 (О.Энхболд, Б.Мөнхтөгс, Э.Эрдэнэхалиу), тасалсан 1 (А.Лхамсүрэн).
Шүүгчдийн Зөвлөлийн анхдугаар хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- Холбооны 2020-2023 оны эхний хагас хүртэл хийгдсэн ажлын талаар мэдээлэл өгөв.
- Олон улсын холбоод (IPSC, IROA)-ын зүгээс тавьж буй шаардлага, ерөнхий чиглэлийн талаар танилцуулав.
- Дээрх шаардлагын улмаас Шүүгчдийн зөвлөл байгуулагдаж, “Шүүгчдийн зөвлөлийн дүрэм” батлагдсан тухай мэдээлэв.
- Батлагдсан дүрмийн хүрээнд цаашид шийдвэрлэвэл зохих процессын хэд хэдэн асуудлуудыг гишүүд хөндөв. Тухайлбал: Шүүгчийн хувцас, тэмдэгийн дизайн, түүний хэрэглээ, Шүүгчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, Шүүгчийн сургалт, Дүрмийн ном, Ажлын төлөвлөгөө… гэх мэт.
- Хурлын хүрээнд хэлэлцсэн асуудлууд дунд концепцийн буюу бодлогын шинжтэй нэг асуудал байсан нь “шүүхийн зэрэгцээ тэмцээнд өрсөлдөж болох уу”. Энэ нь шүүгчийн орон тоог нэмэхэд саад тотгор болох уу, улмаар холбооны хөгжилд хортой юу зэрэг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэв. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар шүүгч нэг бүр хувийн зүгээс санал боловсруулахаар тогтов.
- Аюулгүй ажиллагааны зарчмын хүрээнд бүх шүүгч нар эмнэлгийн анхан шатны тусламжийн сургалтад суухын чухлыг Холбооны ерөнхийлөгчийн зүгээс цохон тэмдэглэв.
Хурлаас гаргасан шийдвэр:
- Дүрмийг сайтар судалж, бүрэн ойлгож, ухамсарласан байхыг бүх гишүүдэд үүрэг болгов.
- Дүрэмд “шүүгчийн зэрэг” гэснийг “шүүгчийн түвшин” гэж өөрчлөх саналыг шийдвэрлэсэн.
- Дүрмийн орчуулгыг Холбооны ерөнхийлөгч хувиараа хариуцан дуусгана гэж мэдэгдсэн.
- Тэмцээнүүд эхлэхээс өмнө, 6-р сард цуглаж дүрмийн 10-р заалт буюу торгууль болон тэмцээнээс хасах тухайд нэгдсэн сургалт зохион байгуулж, нэг ойлголттой болохоор тогтов. Сургалтын товыг жич зарлана.
- Дараа жилийн тэмцээн болон сургалтын төлөвлөгөө, ажлын хуваарийг батлах зэрэг шаардлагын улмаас цаашид жил бүрийн 11-р сард ШЗ-ийн хурлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.