2023 оны 4-р сарын 30, 5-р сарын 1-ний өдрүүдэд Хонконг улсад болсон Хийн гар бууны төрлийн “Hong Kong Action Air Handgun Championship 2023” олон улсын тэмцээнд манай баг, тамирчид амжилттай оролцлоо.
Хийн гар бууны 6 ангиллаар зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 7 орны 416 тамирчин хурд, оюун, цэц сорин өрсөлджээ. Продакшн ангилалд 14, классик ангилалд 8, стандарт ангилалд 2 тамирчин, нийт 24 тамирчин 4 ангилалд эх орноо төлөөлөн оролцсон юм.
Ингээд классик ангилалд нийт 29 тамирчин, түүн дотор 5 эмэгтэй өрсөлдсөнөөс спортын мастер Б.Мөнхтөгс 95.40%-ийн амжилтаар мөнгө, спортын 2-р зэрэгтэй тамирчин Т.Цэлмэг 73.85%-ийн амжилтаар хүрэл медаль хүртлээ. Мөн тус ангилалд оролцсон олон улсын тамирчдын дүнгээр спортын мастер У.Тэмүүлэн 67.69%-ийн амжилтаар мөнгө, спортын дэд мастер Т.Ганзориг 64.91%-ийн амжилтаар хүрэл медаль тус тус хүртэв.
Харин продакшн ангилалд нийт 92 тамирчин өрсөлдсөнөөс 21-ээс доош насныхан буюу жүниор дэд ангилалд спортын мастер Д.Дамдин 97.30%-ийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол 16-аас доош насныхан буюу сүпер жүниор дэд ангилалд Э.Тэмүүжин 78.38%-ийн амжилтаар хүрэл медаль хүртжээ. Ийнхүү манай 6 тамирчин алтан соёмбот төрийнхөө далбааг Хонконгийн тэнгэрт мандуулав.

Бусад тамирчдын хувьд хараахан медальт байрт шалгарч чадаагүй боловч орон орны шилдэг хийн гар буучид цугласан тус тэмцээнд бүх тамирчид маань боломжийн амжилттай оролцсон юм. Тэмцээний дэлгэрэнгүй дүнг энэ холбоосоор орж үзэж болно.
Ийнхүү 2018 онд Хонконгод зохион байгуулагдаж байсан хийн гар бууны анхдугаар ДАШТ-нд оролцсонтой нийлүүлээд манай хийн гар буучид 3 дахь удаагаа олон улсын түвшний тэмцээнд оролцож туршлага хуримтлуулж байна. Монголын тамирчдын ур чадвар мэдэгдэхүйц нэмэгдэж, ойрын ирээдүйд хийн гар бууны төрөлд ширүүн өрсөлдөгчдийн нэг болон өсч буйг тэмцээний зохион байгуулагч Хонконгийн практик буудлагын холбооны удирдлагууд болон Олон улсын практик буудлагын шүүгчдийн холбооны зүгээс цохон тэмдэглэсэн юм.