Монголын спорт

“Добу мэргэн 2017” снайпингийн тэмцээн боллоо

2017 оны 4-р сарын 15-ны өдөр Эрдэнэт хотноо “Добу мэргэн 2017” стандарт бус, холимог снайпингийн УАШТ амжилттай явагдаж өнгөрлөө. Тус тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Орхон аймгийн Буудлагын холбоо, Орхон аймгийн Анчдын холбоо, Орхон аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 186-р анги хамтран зохион байгуулсан юм.

Энэ тэмцээнд Ховд, Өмнөговь, Замын Үүд, Сэлэнгэ, Хэнтий , Дархан, Улаанбаатар, Орхон аймагуудаас нийт 42 буудагч ирж оролцлоо. Тэмцээний явц дунд 6 буудагч дүрмийн алдаа гарган хасагдаж, 36 буудагч тэмцээнээ амжилттай өндөрлөснөөс Улаанбаатар хотоос ирж оролцсон Э.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр эзэлж Remington 700 BDL бууны эзэн боллоо.

2-р байранд улсын заан Б.Соронзонболд орж, мэргэн буудагчдын нэг гэдгээ дахин баталлаа.

Монголын Практик Буудлагын Холбооны хувьд тус тэмцээний зохион байгуулалтад оролцоогүй боловч буудлагын спортын бүх төрлийг хөхиүлэн дэмжигчийн хувьд тамирчдаа оролцуулсан юм. Манай холбооны тамирчдаас практик буудлагын спортын ОУХМ Д.Наранбаатар 7.62х54 калибрийн Тигр маркийн хагас автомат зэвсгээр оролцож хүрэл медаль хүртлээ.

Тэмцээн маш сонирхолтой өрнөж, тэмцээнийг үзэж сонирхогчдын тоо сумын наадмын хэмжээний далайцтай өргөн дэлгэр боллоо. Тэмцээнд тусгай алба хаагч, анчин, спорт сонирхогч, мэргэжлийн тамирчид гээд өөр өөр ажил мэргэжлийн, буудлагын спортын өөр өөр төрлүүдээс олон хүмүүс хамрагдсан юм. Спорт бол хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл билээ.

Тэр бүгдийг нэгэн дор цуглуулж, галт зэвсэг сонирхогчиддоо хөгжлийн нэгэн шат ахих боломжийг олгосон “Добу Мэргэн” уламжлалт тэмцээний санаачлагч, буудлагын спортын зүтгэлтэн, галт зэвсэг сонирхогч Г.Ганзоригт Монголын Практик Буудлагын холбооны зүгээс халуун талархал илэрхийлье. Таны ажил үйлсэд өндөр амжилт, амьдралд тань аз жаргалыг хүсэн ерөөе.

Монгол эрчүүдийн хараа хурц, гар чанга, дайз нь дүүрэн байх болтугай.

1 thought on ““Добу мэргэн 2017” снайпингийн тэмцээн боллоо”

Comments are closed.