Шүүгчдийн зөвлөлийн дүрэм

МОНГОЛЫН ПРАКТИК БУУДЛАГЫН ХОЛБООНЫ
ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү  дүрмээр “Монголын Практик Буудлагын Холбоо” ТББ (цаашид “Холбоо” гэх)-ын практик буудлагын спортын шүүгч нарын эрх, үүрэг, тэдгээртэй холбоотой үйл ажиллагааг зохицуулна.

1.2. Энэхүү дүрмийг “Монголын Практик Буудлагын Холбоо” ТББ, түүний харьяа нэгжүүдэд дагаж мөрдөнө.

Хоёр. Практик буудлагын шүүгчдийн зөвлөл, түүний удирдлага, зохион байгуулалт

2.1. Практик буудлагын спортын тэмцээн шүүх эрх бүхий, Холбооноос олгосон албан ёсны зөвшөөрөлтэй иргэнийг практик буудлагын спортын шүүгч (цаашид “Шүүгч” гэх) гэнэ.

2.2. Шүүгч нь сайн дурын үндсэн дээр Холбооноос зохион байгуулсан онолын болон практик сургалтад сууж, шалгалтад тэнцсэн Холбооны гишүүн байна.

2.3. Шүүгч нарыг Шүүгчдийн зөвлөл болгож зохион байгуулна.

2.4. Шүүгчдийн зөвлөл нь Холбооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд аливаа үйл ажиллагаа нь гагцхүү Холбооны зөвшөөрлийн үндсэн дээр явагдана.

2.5. Шүүгчдийн зөвлөлийн бүтэн нэр нь “Монголын Практик Буудлагын Холбооны Шүүгчдийн Зөвлөл” бөгөөд англи хэлээр “National Range Officers Institute of Mongolia” буюу товчоор “NROI Mongolia” гэнэ.

2.6. Шүүгчдийн зөвлөл нь практик буудлагын спортын тэмцээний шүүлтийн чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх, үүрэгтэй спортын байгууллага бөгөөд Олон Улсын Практик Буудлагын Шүүгчдийн Холбоо (олон улсын нэршил нь International Range Officer’s Association буюу товчоор IROA, цаашид “ОУПБШХ” гэх)-ны Монгол Улс дахь цор ганц салбар, албан ёсны төлөөлөгч, бүрэн эрхт гишүүн мөн.

2.7. Шүүгчдийн зөвлөл нь өөрийн онцлогийг илэрхийлсэн лого, албан бланк, тугтай байж болох боловч хуулийн этгээдийн эрх эдлэхгүй, үүрэг хүлээхгүй.

2.8. Шүүгчдийн зөвлөл нь Монгол Улсын хууль, түүнтэй адилтгах эрхзүйн акттай зөрчилдөөгүй бол Холбоо болон ОУПБШХ-ны бүхий л дүрэм, журам, стандарт, шийдвэрийг дагаж мөрдөнө.

2.9. Шүүгчдийн зөвлөл  нь дараах үүрэгтэй. Үүнд:

2.9.1. Холбооны тэмцээний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
2.9.2. Практик буудлагын спортыг түгээн сурталчлах,
2.9.3. Галт зэвсэгтэй аюулгүй харьцах нөхцлийг шаардах,
2.9.4. Шүүгчдийн сургалт зохион байгуулах, дадлагажилтыг хангах,
2.9.5. Шинэ шүүгч бэлтгэх,
2.9.6. Шүүгчийн мэргэшлийн түвшин тогтоох,
2.9.7. Шүүгчдийн ажлын бүртгэл, судалгааг хөтлөх,

2.10. Шүүгчдийн зөвлөл нь жилд нэгээс доошгүй удаа бүх гишүүдийн хурал хийх бөгөөд тус хурлаар Шүүгчдийн зөвлөлийн бүхий л үйл ажиллагаа, санхүүгийн байдал, шүүгчдийн сургалт, Холбооны тэмцээний төлөвлөгөө, тайланг хэлэлцэж, шүүгч нарын ажлыг дүгнэнэ.

2.11. Шүүгчдийн зөвлөлийн хурлын аливаа шийдвэр нь нийт гишүүдийн 51%-ийн саналаар хүчин төгөлдөр болох бөгөөд хуралд биечлэн оролцох боломжгүйгээ мэдэгдсэн тохиолдолд хэлэлцэх асуудлаар урьдчилан саналаа өгч болно.

2.12. Шүүгчдийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нь шүүгч байх бөгөөд Холбооны Удирдах зөвлөлөөс томилно.

2.13. Шүүгчдийн зөвлөлийн даргын үндсэн ажил үүрэг:

2.13.1. Шүүгч нарын ажлын төлөвлөгөөг боловсруулах,
2.13.2. Шүүгч нарын ажлын бүртгэлийг хүн нэг бүрээр бүртгэж, хувийн хэрэг хөтөлнө.
2.13.3. Шүүгч нарын ажлын гүйцэтгэлийг үнэлж, дүгнэлт өгнө.
2.13.4. Шүүгч нарт бусад тэмцээн шүүх зөвшөөрөл өгнө.

2.14. Шүүгчдийн зөвлөлийн нарийн бичгийн даргын үндсэн ажил үүрэг нь ОУПБШХ-той байнгын холбоо, харилцаатай байж, шүүгчдийн зөвлөлийг ОУПБШХ-ноос гаргасан мэдээ, мэдээллээр тогтмол хангах үүргийг хариуцан гүйцэтгэнэ.

Гурав. Шүүгчдийн зөвлөлийн санхүүжилт

3.1. Шүүгчдийн зөвлөл нь банкны харилцах данстай байж болно. Шүүгчдийн зөвлөлийн харилцах дансны ажил гүйлгээ нь Холбооны бусад үйл ажиллагаанаас тусгаар байна.

3.2. Шүүгчдийн зөвлөлийн харилцах дансны удирдлага нь Шүүгчдийн зөвлөлийн дарга болон Холбооны санхүүгийн албаны дарга нарт байна.

3.3. Шүүгчдийн зөвлөлийн харилцах данс болон санхүүгийн байдалд Холбооны зүгээс байнгын хяналт тавина.

3.4. Шүүгчдийн зөвлөл нь дараах эх үүсвэрээс санхүүжиж болно. Үүнд:

3.4.1. Холбооноос олгосон санхүүжилт;
3.4.2. Гишүүдийн татвар;
3.4.3. Шүүгчийн сургалтын төлбөр;
3.4.4. ОУПБХ болон ОУПБШХ-ны шугамаар ирсэн хууль ёсны санхүүжилт;
3.4.5. Хуулиар хориглоогүй, Холбооноос зөвшөөрөгдсөн аливаа хандив, тусламж;

3.5. Шүүгчийн татвар тогтоох эсэх, татварын хэмжээг Шүүгчдийн зөвлөлийн хурлаар олонхын саналаар шийдвэрлэнэ.

3.6. Тэмцээний шүүлттэй холбоотой санхүүжилтийг гагцхүү Холбоогоор дамжуулан Шүүгчдийн зөвлөлд олгох бөгөөд тэмцээний ивээн тэтгэгч, зохион байгуулагч болон бусад этгээдээс Шүүгчдийн зөвлөлд шууд олгохыг хориглоно. Хэрэв ийм тохиолдол бодитоор үүсвэл Шүүгчдийн зөвлөлийн данснаас Холбооны данс уруу бүрэн шилжүүлэг хийнэ.

3.7. Шүүгчдийн зөвлөлийн зардал нь дараах зориулалт бүхий байна. Үүнд:

3.7.1. Шүүлтийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, програм хангамж, хэрэглэл;
3.7.2. Шүүгчийн өмсгөл, таних тэмдэг;
3.7.3. Шүүгчийн ажлын хөлс;
3.7.4. Шүүгчийн сургалтын зардал;
3.7.5. ОУПБШХ-нд төлөх татвар, хураамж;
3.7.6. Шүүгчдийн зөвлөлийн үйл ажиллагааны зардал;

3.8. Шүүгчдийн зөвлөлийн санхүүгийн төлөвлөгөө, зардлын хэмжээг Шүүгчдийн зөвлөлийн хурлаар олонхын саналаар шийдвэрлэнэ.

3.9. Шүүгчид нь тогтмол цалингүй бөгөөд зөвхөн хийсэн ажил, үүрэгтээ тохирсон ажлын хөлс авч болно.

3.10. Шүүгчдийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар нь тогтмол цалингүй байна.

Дөрөв. Шүүгчийн эрх, үүрэг

4.1. Практик буудлагын спортын шүүгч дараах эрхтэй:

4.1.1. Холбооны Тэмцээний ерөнхий журмын 2-р зүйлд заасан аливаа тэмцээнийг шүүх.
4.1.2. Хийсэн ажилдаа тохирсон цалин, хөлс авах.
4.1.3. Шагнал, урамшуулалд тодорхойлуулах.
4.1.4. Ажил үүрэгтэй холбогдох зардлын санхүүжилтийг авах.
4.1.5. Холбооны удирдлага болон Инструкторын зөвлөлд тухайн буудагч тамирчдын талаар санал оруулах.
4.1.6. Бусад шүүгчийн талаар санал, дүгнэлт гаргах.
4.1.7. Шүүгчийн ажил үүргээ гүйцэтгэхэд хамаарах мэдээлэл, дүрмийн өөрчлөлт болон сургалтын талаарх мэдээллийг авах.
4.1.8. Шүүгчийн мэргэшлийн түвшинд тохирсон өмсгөл, үнэмлэх, тэмдэг хэрэглэх.
4.1.9. Ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангагдах.
4.1.10. Буудлагын бусад тэмцээнд зөвшөөрлийн дагуу шүүгчээр ажиллах.

4.2. Практик буудлагын спортын шүүгч дараах үүрэгтэй:

4.2.1. Аюулгүй байдлыг эн тэргүүнд тавина.
4.2.2. Хүний эрхийг дээдэлнэ.
4.2.3. Хууль, дүрэм, аливаа эрхзүйн актыг чанд мөрдөнө.
4.2.4. Нийтлэг харилцааны соёл, ёс зүйг эрхэмлэнэ.
4.2.5. Шударга, ил тод, эрх тэгш байдлыг хангана.
4.2.6. Хариуцлага, сахилга баттай байдалд тулгуурлана.
4.2.7. Практик буудлагын спортын дүрэм, дүрмийн өөрчлөлтөд тухай бүр суралцаж, ягштал мөрдөнө.
4.2.8. Практик буудлагын спортыг идэвхтэй сурталчилна.
4.2.9. Холбооны эрхзүйн аливаа актыг чанд мөрдөж, ялангуяа энэхүү дүрэм болон Тэмцээний тухай ерөнхий журмын зүйл, заалтыг нэг бүрчлэн дагаж мөрдөх үүрэгтэй.
4.2.10. Шүүлтийн мэдлэг, ур чадвар, мэргэжлийн зэргээ үргэлж ахиулан хөгжүүлнэ.
4.2.11. Холбооноос гаргасан хуваарийн дагуу жилд 6-аас цөөнгүй тэмцээнд шүүгчээр ажиллана. Үүнд Тэмцээний ерөнхий журмын 2.1.2, 2.3.1-д заасан тэмцээнүүд хамаарахгүй бөгөөд эх орондоо зохиогдож буй олон улсын зэрэглэл бүхий тэмцээнд заавал ажиллана.
4.2.12. Шүүгч нь ямар ч үед галт зэвсэгтэй эмх замбараагүй, дэг журамгүй, аюултай харьцаж байгаа үйлдэлд даруй таслан зогсоохыг шаардах үүрэгтэй.
4.2.13. Буудагч болон бусад хүний зүгээс практик буудлагын спортын дүрэм, галт зэвсэгтэй харьцах аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүдүүлгээр зөрчих, тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Шүүгчдийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар болон Холбооны удирдлагуудад шууд мэдэгдэж, болсон явдлыг бичгээр баталгаажуулна.
4.2.14. Шүүгч нь оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд холбогдох мэдээллийг Шүүгчдийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт мэдээлнэ.

Тав. Практик буудлагын шүүгчийн ёс зүй

5.1. Шүүгчийн ёс зүй нь нэн тэргүүнд хүн төрөлхтний хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийн илэрхийлэл болох спорт, түүн дотроо үнэнч, шударга, тэгш байдлын хэмжүүр болох спортын шүүгч гэдэг ухагдахуунд захирагдана.

5.2. Шүүгчийн ёс зүй нь эх орондоо “Монголын Практик Буудлагын Холбооны шүүгч” гэгдэх нэр хүндийг өргөж явах, гадаад улс оронд “IROA range officer” гэгдэх нэр хүндийг өргөж явах эрхэм үүрэгтэй нягт уялдана.

5.3. Шүүгч нь авилгаас ангид байж, ажил үүргээ гүйцэтгэх үедээ танил тал, найз нөхдийн харилцаа, холбоог үл хайхарч, гагцхүү шүүгч ба тамирчны хоорондын спортын дүрмийн дагуух харилцааг баримталж, нийтлэг ёс зүйг эрхэмлэнэ.

5.4. Шүүгч нь ажил үүргээ гүйцэтгэх явцад тэгш бус байдал үүсгэх, хэн нэг тамирчинд давуу байдал олгох, тэгш бус байдал үүсгэсэн мэт ойлголт төрүүлэхээс ямагт зайлсхийх үүрэгтэй.

5.5. Шүүгч нь зэвсэгтэй хүнтэй харилцаж байгаагаа бүрэн ухаарч, аюулгүй ажиллагааны зарчмыг чанд баримталж, тамирчны сэтгэлзүйд ноцтой өөрчлөлт гаргах, харилцааны доголдол үүсгэхээс сэргийлж ямагт сонор сэрэмжтэй ажиллана.

5.6. Шүүгч нь зөвхөн практик буудлагын спортын шүүгч гэдгээ бүрэн ухамсарлаж, бусад спорт, буудлагын төрөл, үйл ажиллагаанд дур мэдэн зааварлах, үл ойшоох, хүндэтгэлгүй хандах нь ёс зүйгүй үйлдэл мөн.

5.7. Шүүгч нь тэмцээний үеэр олны анхаарлын төвд байгаа гэдгээ бүрэн ухамсарлаж, биеэ зөв, боловсон, үлгэр жишээ авч явах бөгөөд харилцааны соёлыг нягт баримталбал зохино.

Зургаа. Шүүгчийн мэргэшлийн түвшин

6.1. Холбооны шүүгчийн мэргэшлийн түвшин нь ОУПБШХ-ны дүрэмд заасны дагуу 5 түвшин бүхий байна. Үүнд:

6.1.1. 1-р түвшний шүүгч
6.1.2. 2-р түвшний шүүгч
6.1.3. 3-р түвшний шүүгч
6.1.4. 4-р түвшний шүүгч
6.1.5. 5-р түвшний шүүгч

6.2. ОУПБШХ-ны дүрэмд заасны дагуу Шүүгчдийн зөвлөл нь 1 болон 2-р түвшний шүүгчийн сургалтыг зохион байгуулж, эрх олгох бөгөөд 3 ба түүнээс дээш түвшний шүүгчийн сургалтыг ОУПБШХ-ноос зохион байгуулж, эрх олгоно.

6.3. 1 болон 2-р түвшний шүүгч нь зөвхөн дотоодод болж буй тэмцээнийг шүүх эрхтэй.

6.4. 3 ба түүнээс дээш түвшний шүүгч нь ОУПБШХ-ны зөвшөөрлөөр гадаад улсад болж буй тэмцээнийг шүүх эрхтэй.

6.5. Шүүгчийн мэргэшлийн түвшнийг тогтоох, түвшинд хамаарах эрх, үүрэг зэрэг нь ОУПБШХ-ны дүрэмд заасны дагуу байна.

6.6. Шүүгчид мэргэшлийн түвшин үл хамааран Тэмцээний ерөнхий журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу спортын цол олгож болно.

Долоо. Шүүгчийн албан тушаал, ажил үүрэг

7.1. Шүүгч нь тэмцээнд дараах албан тушаалд ажиллаж болно. Үүнд:

7.1.1. Шүүгчийн туслах буюу олон улсын нэршлээр Assistant, Patcher
7.1.2. Талбайн шүүгч буюу олон улсын нэршлээр Range officer
7.1.3. Онооны шүүгч буюу олон улсын нэршлээр Stat officer
7.1.4. Дасгалын дизайнер буюу олон улсын нэршлээр Quarter master
7.1.5. Ахлах шүүгч буюу олон улсын нэршлээр Chief range officer
7.1.6. Ерөнхий шүүгч буюу олон улсын нэршлээр Range master
7.1.7. Тэмцээний удирдагч буюу олон улсын нэршлээр Match director
7.1.8. Тэмцээний шүүгчдийн хороо буюу олон улсын нэршлээр Match arbitration committee

7.2. Тэмцээнд ямар албан тушаалд ажиллаж байснаас үл хамааран бүх шүүгч, зохион байгуулагч ажилтнуудын тэргүүн зэргийн үүрэг, хариуцлага нь буудлагын талбайд аюулгүй ажиллагааг хангах, аюулгүй ажиллагааны зарчмыг мөрдүүлэх явдал мөн.

7.3. Туслахын ажил үүрэг нь буудагчдыг эмх журамтай байлгах, бай нөхөх, дасгалын төхөөрөмжийг жигд, хэвийн ажиллуулах зэргээр талбайн шүүгчийн ажилд туслах, мөн онооны хүснэгтийг цуглуулах, тараах зэргээр онооны шүүгчийн ажилд туслах үндсэн чиг үүрэгтэй.

7.4. Талбайн шүүгчийн ажил үүрэг нь хариуцсан дасгалыг танилцуулах, дасгалыг удирдан явуулах, буудагчийн гүйцэтгэлийг хэмжиж, онооны хүснэгтийг хөтлөх, дасгал гүйцэтгэх явцад дүрмийн алдаа гаргах эсэхэд хяналт тавих, дүрмийн болон ёс зүйн алдаа гаргасан буудагчийг тэмцээнээс хасах, хэрэв буудагч шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол ахлах болон ерөнхий шүүгчийг дуудаж асуудлыг уламжлах зэрэг чиг үүрэгтэй.

7.5. Онооны шүүгчийн ажил үүрэг нь буудагчийг бүртгэх, буудагчийн дасгал нэг бүрийг гүйцэтгэх тэмцээний цагийн хуваарийг боловсруулах, тэмцээний оноог нэгтгэн боловсруулах, явц дундын үр дүнг оролцогчдод танилцуулах, тэмцээний дүнг эцэслэн гаргаж танилцуулах зэрэг чиг үүрэгтэй.

7.6. Дасгалын дизайнерын ажил үүрэг нь тэмцээний үед гүйцэтгэх дасгалуудыг дүрэмд заагдсан стандартын дагуу төлөвлөж, дасгалын талбайн зургийг зурах, дасгалын даалгаврыг тодорхойлох, улмаар дасгалын байгууламжийг угсралтын ажлыг зураг, төлөвлөлтийн дагуу удирдан явуулах чиг үүрэгтэй.

7.7. Ахлах шүүгчийн ажил үүрэг нь хариуцсан дасгалуудын талбайн шүүгч нарын ажил үүрэгт дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах, маргаан шийдвэрлэх, дүрмийн мэдлэг олгох, талбайн шүүгчийн хяналт тавих боломжгүй буудлагын талбайн бусад хэсэг, аюулгүйн бүст хяналт тавих, аюулгүй ажиллагааны зарчмыг мөрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй.

7.8. Ерөнхий шүүгчийн ажил үүрэг нь дасгалын дизайнерын төлөвлөсөн дасгалуудад стандартын хяналт тавих, онооны шүүгчийн боловсруулсан цагийн хуваарийг хянах, тэмцээний удирдамжийг боловсруулах, бүх шүүгч нарын ажил үүрэгт дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах, маргааныг эцэслэн шийдвэрлэх, дүрмийн мэдлэг олгох, буудлагын талбайг бүхэлд нь хянах, аюулгүй ажиллагааны зарчмыг мөрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй.

7.9. Тэмцээний удирдагчийн ажил үүрэг нь тэмцээний удирдамжийг хянан батлах, тэмцээний үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, шүүгч болон тэмцээний зохион байгуулагч, ажилтнуудыг удирдах, буудлагын талбайн аюулгүй байдал, дэг журмыг хангах, хянах зэрэг чиг үүрэгтэй.

7.10. Тэмцээний шүүгчдийн хороо нь хэрэв дүрмийн алдаа гаргасан асуудлаар ерөнхий шүүгчийн шийдвэрийг буудагч хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд 100 (нэг зуу) ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валютын дэнчинг төлж, бичгээр өргөдөл гаргасны үндсэн дээр ерөнхий шүүгчийн шийдвэрийг нягтлах зорилгоор байгуулагдана.

7.11. Шүүгчдийн хорооны ажиллах зарчим:

7.11.1. Буудагч тухайн өдөр гүйцэтгэх дасгалын дүн гарахаас 1 цагийн өмнө шүүгчдийн хороог ажиллуулах талаар тэмцээний удирдагчид өргөдөл гаргаж, дэнчинг бэлнээр тушаана. Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд өргөдлийг хүлээн авахгүй.

7.11.2. Шүүгчдийн хороонд тус дасгалыг удирдан явуулсан талбайн шүүгч, туслах шүүгч, дасгалын дизайнер, ахлах шүүгч, ерөнхий шүүгч нар багтана.

7.11.3. Дүрмийн алдаа гарах үед байсан бусад үзэгч, буудагч зэрэг хүмүүсийг гэрчээр байлцуулж, тухайн үед байсан байрлалд нь зогсоож, болсон явдлыг нэг бүрчлэн нягтлан шалгана.

7.11.4. Шүүгчдийн хорооны шийдвэр нь олонхын саналаар гарна.

7.11.5. Шүүгчдийн хорооноос ерөнхий шүүгчийн шийдвэрийг зөв гэж баталбал буудагчийн төлсөн дэнчинг буцааж олгохгүй бөгөөд шийдвэрийг хэвээр үлдээнэ.

7.11.6. Шүүгчдийн хорооноос ерөнхий шүүгчийн шийдвэрийг буруу гэж үзвэл буудагчийн төлсөн дэнчинг буцааж олгох бөгөөд шийдвэрийг цуцална. Энэ тохиолдолд тухайн дасгалыг дахин гүйцэтгэх боломж олгож, ерөнхий шүүгчийн шийдвэрийн улмаас гүйцэтгэж чадаагүй дасгалуудыг нөхөн гүйцэтгэх боломжийг буудагчид олгоно.

7.12. Тэмцээний ерөнхий журмын 2.3.2-т заасан тэмцээний ахлах болон ерөнхий шүүгчээр 2 ба түүнээс дээш зэргийн шүүгч ажиллана.

7.13. Шүүгчийн эрхгүй этгээдийг аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөний үндсэн дээр энэхүү дүрмийн 7.1.1-д заасан албан тушаалд тэмцээний удирдагч болон ерөнхий шүүгчийн зөвшөөрлөөр ажиллуулж болно.

7.14. Холбооны харьяа клуб нь өөрийн шүүгчтэй байж болох бөгөөд клубийн шүүгч нь энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.

7.15. Клубийн шүүгч нь зөвхөн харьяалагдах клубийнхээ зохион байгуулж буй, Тэмцээний ерөнхий журмын 2.3.1-д заасан тэмцээнийг шүүх эрхтэй.

7.16. Клубийн шүүгчийг Шүүгчдийн зөвлөлийн даргын зөвшөөрлөөр бусад тэмцээнд шүүгчээр ажиллуулж болох боловч энэхүү дүрмийн 7.1.5, 7.1.6, 7.1.7-д заасан ажил үүрэг гүйцэтгэхийг хориглоно.

7.17. Шүүгчийн ажил үүрэгтэй холбоотой аливаа асуудал нь Холбооны дотоод журам болон Тэмцээний ерөнхий журмаар тодорхойлогдох бөгөөд ОУПБХ-ны дүрмийн дагуу байна. Хэрэв ОУПБХ-ны дүрэм өөрчлөгдвөл олон улсын дүрмийг баримтална.

Найм. Шагнал урамшуулал

8.1. Шагналд тодорхойлох шийдвэрийг Шүүгчдийн зөвлөл гаргана.

8.2. Шүүгчийн ажил үүргийг идэвх зүтгэлтэйгээр биелүүлсэн бол дараах шагналд тодорхойлно. Үүнд:

8.2.1. Өргөмжлөл олгох,
8.2.2. Бэлэг дурсгал олгох,
8.2.3. Спортын цол олгох,
8.2.4. Төрийн болон салбарын шагнал урамшуулалд тодорхойлох.

8.3. Шагнал урамшууллыг шүүгчийн хувийн хэрэгт тэмдэглэнэ.

Ес. Үнэмлэх, таних тэмдэг

9.1. Шүүгчийн үнэмлэх, таних тэмдгийн хэв, загварыг Шүүгчдийн зөвлөлийн бүх гишүүдийн хурлаас олонхын саналаар батална.

9.2. Шүүгчийн үнэмлэх, таних тэмдгийг ёс төртэйгээр гардуулна.

9.3. Шүүгчийн тэмдгийг цээжний зүүн талд зүүнэ.

9.4. Үнэмлэхийг гээгдүүлсэн бол хүсэлтийн дагуу нөхөн олгоно.

9.5. Үнэмлэхийг 2 жилийн хугацаатай олгоно.

Арав. Сахилгын арга хэмжээ, хариуцлага хүлээлгэх.

10.1. Үүрэг даалгавар, ажлыг биелүүлээгүй, чанаргүй гүйцэтгэсэн, Холбооны болон спортын дүрэм, журмыг зохих ёсоор мөрдөөгүй тохиолдолд дараах арга хэмжээ авагдана. Үүнд:

10.1.1. Хувийн хэрэгт тэмдэглэж сануулах,
10.1.2. 1 жилийн хугацаагаар эрхийг хасах,
10.1.3. Шүүгчийн эрхийг хураах.

10.2. Холбоонд учруулсан хор хохирол, үүссэн үр дагаврыг харгалзан энэхүү дүрмийн 10.1-д заагдсан арга хэмжээг сонгож хэрэглэнэ.

10.3. Шүүгч тухайн жилдээ 2 дах удаагаа сануулах арга хэмжээ авагдсан бол эрхийг 1 жилээр хасна.

10.4. Энэхүү дүрмийн 5-р зүйлд заасан ёс зүйн зөрчил гаргасан бол 1 жилийн хугацаатайгаар эрхийг хасна.

10.5. Сануулах болон 1 жилийн хугацаанд эрх хасах шийдвэрийг Шүүгчдийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр Шүүгчдийн зөвлөлийн дарга гаргана.

10.6. 2 дах удаагаа жилийн эрхээ хасуулахуйц зөрчил гаргасан шүүгчийн эрхийг хураана. Шүүгчийн эрх хураах арга хэмжээ нь эцсийнх бөгөөд Шүүгчдийн зөвлөлийн нотлох баримт, материалын дагуу Холбооны Удирдах Зөвлөл шийдвэрлэнэ.

10.7 Эрх нь хасагдсан шүүгчийн нэрийг Холбооны албан ёсны цахим хуудаст байрлуулж болно.

10.8. Шагнал урамшуулал, хариуцлагын арга хэмжээ, эрх хасах, цол хураасан тухай бүртгэлийг Шүүгчдийн зөвлөлийн дарга хөтөлж явуулна.