Сургалтын журам

МОНГОЛЫН ПРАКТИК БУУДЛАГЫН ХОЛБООНЫ
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.        Энэхүү  журмаар “Монголын Практик Буудлагын Холбоо” ТББ (цаашид “Холбоо” гэх)-ын зүгээс дангаар болон бусадтай хамтран сургалт, бэлтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2.        “Монголын Практик Буудлагын Холбоо” ТББ, түүний харьяа нэгжийн сургалтын чиглэлээр хийх үйлдэл, баримт бичиг нь энэхүү журамд нийцсэн байна.

Хоёр. Сургалтын үйл ажиллагааны тодорхойлолт

2.1.        “Монголын Практик Буудлагын Холбоо” ТББ-ын Дотоод журмын 4.1.1-д заасны дагуу сургалтын үйл ажиллагаа нь Холбооны үндсэн үйл ажиллагаа мөн.

2.2.        Холбооны сургалтын үйл ажиллагааны нийтлэг зорилго нь суралцагчдад тухайн сургалтын чиглэл, зорилгод нийцсэн онол, практикийн олон талт мэдээлэл, мэдлэг олгох, улмаар суралцагчийн мэдлэг, ур чадварыг сэргээх, гүнзгийрүүлэх, батжуулахад оршино.

2.3.        Сургалтын үйл ажиллагаанд оролцогч нь суралцагч, сургагч багш болон сургалт зохион байгуулагч ажилтнууд байна. Тодорхой шалтгааны улмаас суралцагч болон сургагч багш нь асран халамжлагч, туслан дэмжигчийн хамт байгаа бол эдгээр хүмүүсийг сургалт зохион байгуулагч ажилтнуудтай адилтган үзэж сургалтын явцад саад болохгүй байх, сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг шаардана.

2.4.        Холбооны сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж буй суралцагч нь өөрийн сайн дурын хүсэл, санаачилга, хувийн сонголт дээр тулгуурлан суралцаж буйгаа сайтар ухамсарлах бөгөөд Холбооны аливаа дүрэм, журам, эрхзүйн баримт бичгийг бүрэн хүлээн зөвшөөрч, тухайн сургалтын хөтөлбөрийн дагуу идэвх, зүтгэлтэй суралцах үүрэгтэй.

2.5.        Холбооны сургалтын бүхий л үйл ажиллагаа нь практик туршлага, бодит дадлага дээр тулгуурласан биет хэлбэртэй байна.

2.6.        Холбооны сургалт нь хоёр төрөлтэй. Үүнд:
2.6.1.    Үндсэн сургалт
2.6.2.    Тусгай сургалт

2.7.        Холбооны үндсэн сургалт гэдэг нь практик буудлагын спортын чиглэлээр хийх буудлагын сургалт, бэлтгэлийн үйл ажиллагаа юм.

2.8.        Холбооны тусгай сургалтын үйл ажиллагаа нь практик буудлагын спорттой харилцан уялдаатай бусад төрлийн үйл ажиллагааны сургалт юм.

Гурав. Үндсэн сургалтын үйл ажиллагаа

3.1.        Холбооны үндсэн сургалтын үйл ажиллагаа нь дараах 4 чиглэлтэй байна. Үүнд:
3.1.1.    Танилцуулах сургалт
3.1.2.    Тамирчин бэлтгэх сургалт
3.1.3.    Шүүгч бэлтгэх сургалт
3.1.4.    Инструктор бэлтгэх сургалт

3.2.        Танилцуулах сургалт гэдэг нь практик буудлагын спортыг сонирхож буй олон нийтэд галт зэвсэгтэй харьцах аюулгүй ажиллагааны зарчмыг танилцуулж, буудлагын спортын талаар суурь мэдлэг олгож, Галт зэвсгийн тухай болон бусад холбогдох хууль, эрхзүйн актыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгын хүрээнд хийгдэж буй түгээмэл үйл ажиллагаа юм.

3.3.        Тамирчин бэлтгэх сургалт нь практик буудлагын спортын дүрэмд заасан зэвсэг, хэрэгслийн төрөл бүрээр тусдаа зохион байгуулагдана. Үүнд:
3.3.1.    Гар буу
3.3.2.    Урт буу (карабин, гөлгөр гол төмөртэй урт буу, гар бууны сумтай карабин)
3.3.3.    Хийн буудлага

3.4.        Тамирчин бэлтгэх сургалтад хамрагдсан гишүүдийг тухайн төрлөөр буудлага хийх эрхтэйг гэрчилж гэрчилгээ олгоно.

3.5.        Тамирчин бэлтгэх сургалтад хамрагдсан байдал ба буудлага хийх эрх нь дараах хамааралтай байна. Үүнд:

3.5.1.    Зөвхөн хийн буудлагын сургалтад хамрагдсан бол галт зэвсэг ашиглан тэмцээнд оролцох, бэлтгэл хийхийг хориглоно.

3.5.2.    Зөвхөн урт бууны сургалтад хамрагдсан бол гар буунаас бусад төрлийн тэмцээнд оролцож, бэлтгэл хийж болно.

3.5.3.    Зөвхөн гар бууны сургалтад хамрагдсан бол гар буу болон хийн буудлагын хэрэгсэл ашиглан тэмцээнд оролцож, бэлтгэл хийж болно.

3.6.        Тамирчин бэлтгэх сургалтад хамрагдсан Холбооны гишүүн нь Шүүгч бэлтгэх, Инструктор бэлтгэх сургалтад хамрагдах эрхтэй.

3.7.        Шүүгч бэлтгэх сургалтын үйл ажиллагааг Шүүгчдийн зөвлөлийн дүрмээр, Инструктор бэлтгэх сургалтыг Инструктор багшийн үйл ажиллагааны журмаар тус тус зохицуулна.

3.8.        Тамирчин болон шүүгчийн сургалтыг Холбооны зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр харьяа клуб, нэгжүүд зохион байгуулж болно.

3.9.        Инструкторын сургалтыг зөвхөн Холбоо хариуцан зохион байгуулна.

Дөрөв. Тамирчин бэлтгэх сургалтын үйл ажиллагаа

4.1.        Тамирчин бэлтгэх сургалт нь хоёр түвшинтэй байна. Үүнд:
4.1.1.    Гишүүнчлэлийн сургалт
4.1.2.    Мэдлэг, ур чадвар сайжруулах нэмэлт сургалт (цаашид нэмэлт сургалт гэх)

4.2.        Гишүүнчлэлийн сургалт гэдэг нь Холбоонд гишүүнээр шинээр элсэж буй, мөн гишүүнчлэлээ эргэн сэргээж байгаа болон урт хугацаанд буудлагын бэлтгэл, сургуулилт хийгээгүй хүмүүст зориулсан Холбооны Инструкторын зөвлөлийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу хийгдэх сургалтын үйл ажиллагаа юм.

4.3.        Гишүүнчлэлийн сургалт нь 2 төрөлтэй. Үүнд:
4.3.1.    Элсэн суралцагчийн сургалт
4.3.2.    Мэдлэг, ур чадвар сэргээх давтан сургалт  (цаашид давтан сургалт гэх)

4.4.        Гишүүнчлэлийн сургалт нь зайлшгүй шинж чанартай. Холбоонд шинээр элсэж буй бүх хүн элсэн суралцагчийн сургалтад заавал хамрагдана. Тодорхой нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд давтан сургалтад заавал хамрагдана.

4.5.        Давтан сургалтад хамрагдах шаардлага нь дараах нөхцөлтэй байна. Үүнд:

4.5.1.    Холбооны Дотоод журмын 5.12-т заасны дагуу гишүүнээс хасагдсан хүн гишүүнээс хасагдсан хугацаа хэр удаан үргэлжилснээс үл хамааран давтан сургалтад сууна.

4.5.2.    Холбооны гишүүн хэвээр боловч хүндэтгэх шалтгааны улмаас 12 сараас дээш хугацаанд бэлтгэл хийгээгүй, тэмцээнд оролцоогүй бол давтан сургалтад заавал хамрагдана.

4.5.3.    Гишүүний татвараа зохих хугацаанд төлөөгүй бол давтан сургалтад хамрагдсаны дараа гишүүнчлэлийг сэргээнэ.

4.6.        Давтан сургалт нь тухайн хүний гишүүнээс хасагдсан, түдгэлзүүлсэн, мөн бэлтгэл хийгээгүй, тэмцээнд оролцоогүй тасалдсан хугацаанаас хамааран дараах агуулга бүхий хөтөлбөртэй байна. Үүнд:

4.6.1.    Гишүүний татвараа зохих хугацаанд төлөөгүй, 60 хүртэл хоногоор хоцорсон бол 100 сумны буудлагатай 1 өдрийн давтан сургалтын хялбаршуулсан хөтөлбөрт хамрагдана.

4.6.2.    Тасалдсан хугацаа  нь 61-180 хоногийн хугацаатай бол 100 сумны буудлагатай 1 өдрийн давтан сургалтын хөтөлбөрт хамрагдана.

4.6.3.    Тасалдсан хугацаа  нь 6-24 сарын сарын хугацаатай бол 300 сумны буудлагатай 2 өдрийн давтан сургалтын хөтөлбөрт хамрагдана.

4.6.4.    Тасалдсан хугацаа  нь 24 ба түүнээс дээш сарын хугацаатай бол давтан сургалтын хөтөлбөр нь элсэн суралцагчийн хөтөлбөртэй адил байна.

4.7.        Гишүүнчлэлийн сургалт нь Холбоо болон харьяа клуб хариуцан хийх үйл ажиллагаа бөгөөд Холбооны эрх бүхий инструкторууд удирдан явуулна.

4.8.        Нэмэлт сургалт нь практик буудлагын спортын аль нэг зэвсгийн төрлөөр ахисан түвшний мэдлэг, ур чадварыг ахисан түвшинд олгох болон буудлагын бусад төрлийн мэдлэг, ур чадвар олгох сургалт юм.

4.9.        Нэмэлт сургалтад зөвхөн Холбооны гишүүд сайн дурын үндсэн дээр хамрагдана.

4.10.     Нэмэлт сургалтыг Холбооны урилгаар ирсэн дотоодын болон гадаадын багш, дасгалжуулагч удирдан явуулж болно. Нэмэлт сургалтыг бусад байгууллагатай хамтран зохион байгуулж болно.

4.11.     Нэмэлт сургалт бүр нь тухайлсан удирдамж, хөтөлбөртэй байна. Нэмэлт сургалт зохион байгуулах шийдвэрийг Инструкторын зөвлөлийн дарга гаргана.

Тав. Тусгай сургалтын үйл ажиллагаа

5.1.        Тусгай сургалт нь Холбооны Дотоод журмын 4.1.4-т заасан “Холбооны үйл ажиллагаатай холбогдох хууль, эрхзүйн актуудыг сурталчлах, таниулах бусад үйл ажиллагаа”-ны нэг хэсэг юм.

5.2.        Холбооны Ерөнхийлөгчийн зүгээс Холбооны үйл ажиллагаатай харшлах зүйлгүй, практик буудлагын спорттой харилцан уялдаатай гэж үзсэн аливаа чиглэлээр тусгай сургалтыг Холбоо дангаар болон бусадтай хамтран зохион байгуулна.

5.3.        Тодорхой чиглэлийн хүрээнд тусгай сургалт нь Холбооны гэрээгээр бусдад үзүүлэх үйлчилгээ байж болно.

5.4.        Тухайн сургалтын зорилго, чиглэл, агуулга, хөтөлбөр, удирдамжид заасны дагуу сургалтад хамрагдах эрх, боломж тодорхойлогдоно.

Зургаа. Сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэл

6.1.        Элсэн суралцагчийн сургалтад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, зэвсэг, хэрэглэлийг сургалт зохион байгуулагч хариуцна.

6.2.        Нэмэлт болон давтан сургалтад шаардлагатай зэвсэг, хувийн хэрэглэлийг суралцагч хариуцна.

6.3.        Шүүгчийн сургалтад шаардлагатай тоног төхөөрөмж, зэвсэг, хэрэглэлийг сургалт зохион байгуулагч хариуцна.

6.4.        Инструкторын сургалтад шаардлагатай зэвсэг, хувийн хэрэглэлийг суралцагч хариуцна.

6.5.        Тусгай сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг тухайн сургалтын агуулга, хөтөлбөр, удирдамжид заасны дагуу шийдвэрлэнэ.

Долоо. Сургалтын төлбөр, санхүүжилт

7.1.        Сургалтын аливаа үйл ажиллагаа нь тодорхой төлбөртэй байна.

7.2.        Танилцуулах болон гишүүнчлэлийн сургалтын төлбөрийг Холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар батална.

7.3.        Нэмэлт болон тусгай сургалтын төлбөрийг тухайн сургалтын агуулга, хөтөлбөр, удирдамжид заасны дагуу тухай бүр тогтооно.

7.4.        Холбооны Ерөнхийлөгч нь тодорхой хүнд элсэн суралцагчийн болон нэмэлт сургалтын хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлэх эрхтэй. Харин ямар ч тохиолдолд давтан сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэхгүй.

7.5.        Сургалтын төлбөрийг ивээн тэтгэгчдийн хандиваар санхүүжүүлж болох боловч ивээн тэтгэлэг, хандив, дэмжлэг өгөх этгээд нь хууль бус үйл ажиллагаанаас орлого олсон, эсхүл мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцсон бол тус этгээдээс ямар нэг хэлбэрээр ивээн тэтгэлэг, хандив, дэмжлэг авахыг суралцагчид хориглоно. Хэрэв энэхүү хууль бус үйл ажиллагааны талаар Холбоо мэдээгүй бол хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Найм. Сургалтын ерөнхий зарчим

8.1.        Холбоо нь аливаа сургалтыг зохион байгуулахдаа доор дурдсан үндсэн зарчмуудыг баримтална. Үүнд:

8.1.1.    Аюулгүй байдал – Бүх сургалтыг аюулгүй байдлын дүрмийн дагуу зохион байгуулна.

8.1.2.    Харилцан ашигтай байдал – Сургалтын агуулга, хөтөлбөр, зардал болон үнэ төлбөр нь сургалт зохион байгуулагч, сургагч багш, суралцагч бүх талуудад харилцан ашигтай байхад анхаарна.

8.1.3.    Чанар – Суралцагчийн мэдлэг, ур чадвар олгох, нэмэгдүүлэх, сэргээх, батжуулах, зорилгоор хийнэ.

8.1.4.    Тэнцвэрт байдал – Суралцагч бүрт мэдээлэл ижил түвшинд хүрэх, дадлага жигд хийх нөхцөл, боломжоор хангана.

8.1.5.    Хөгжих боломж – Сургалтын дараа суралцагч тухайн чиглэлээр эрэл хайгуул, судалгаа хийх, өөрийгөө хөгжүүлэх, идэвх санаачлагатай үлдэхүйцээр сургалтын арга зүйг боловсруулна.

8.1.6.    Чөлөөт байдал – Суралцагч нь сургалтын сэдэв, агуулгын хүрээнд сургагч багштай чөлөөтэй харьцах, асуух, тодруулах боломжийг бүрдүүлнэ. Гэхдээ тусгай сургалтын хөтөлбөрт ийм боломжгүй байхаар төлөвлөсөн, суралцагчийг зайлшгүй байдалд оруулсан саад бэрхшээлүүдтэй байж болно.

8.1.7.    Техникийн нөхцөл – Бүх суралцагчдад ижил тэгш нөхцөлийг бүрдүүлнэ.

8.1.8.    Тэгш боломж – Хэн нэг суралцагчид давуу тал олгохгүй байхад анхаарна. Хэрэв сургалтын явцад сургагч багшийн зүгээс дасгал, туршилт хийлгэхдээ нөхцөлийг хүндрүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ нь бүх суралцагчдад хүчин төгөлдөр үйлчилнэ.

8.1.9.    Тодорхой байдал – Тухайн сургалт нь суралцагчид дүн, үнэлгээ өгөх бол үнэлгээний систем нь бүх суралцагчдад ойлгомжтой, нэг дүрмээр, ижил шалгуураар дүгнэнэ.

8.2.        Сургалтын үйл ажиллагаанд оролцогчдын харилцаанд дараах зарчмыг мөрдлөг болгоно. Үүнд:

8.2.1.    Хүний эрхийг дээдэлнэ.

8.2.2.    Хууль, дүрэм, аливаа эрхзүйн актыг чанд мөрдөнө.

8.2.3.    Шударга, ил тод, эрх тэгш байдлыг хангана.

8.2.4.    Мэдээллийн тэнцвэртэй байдал, харилцааны олон талт оролцоог хадгална.

8.2.5.    Хүмүүнлэг, энэрэнгүй, энхтайванч байдлыг шаардана.

8.2.6.    Нийтлэг соёл, ёс зүйг эрхэмлэнэ.

8.2.7.    Хариуцлага, сахилга баттай байдалд тулгуурлана.

8.3.        Бүх төрлийн сургалтын үед суралцагч болон бусад оролцогчид нь сургагч багш, сургалт зохион байгуулагчийн зааврыг чанд биелүүлэх үүрэгтэй.

Ес. Бусад асуудал

9.1.        Энэхүү журамд тусгагдаагүй асуудлыг Холбооны бусад дүрэм, журам, эрх зүйн баримт, шийдвэр болон Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, практик буудлагын спортын дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

9.2.        Энэхүү журмыг зөрчигчид Холбооны дотоод журам, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.