Практик буудлага гэж юу вэ?

Практик буудлага нь галт зэвсэг ашиглан богино хугацаанд өгөгдсөн дасгалыг түргэн гүйцэтгэх буудлагын спортын нэг төрөл юм. Тийм ч учраас практик буудлагын спортын уриа нь латинаар DELIGENTIA, VIS, CELERITAS (товчоор DVC) буюу монголоор харгалзан ХУРД, ХҮЧ, ЦЭЦ юм. Өөрөөр хэлбэл практик буудлагын спорт нь хурд, хүч, цэц гэсэн гурван хүчин зүйлийг тэнцвэртэйгээр ашиглахыг сургадаг.

Практик буудлагын үндсэн 5 төрөл байдаг. Үүнд:

  1. Гар буу (9мм ба түүнээс дээш калибрийн)
  2. Карабин (60 см-ээс богино гол төмөртэй)
  3. Урт буу (олон нийтийн хэлж заншсанаар дробинк буюу shotgun)
  4. Бага калибрийн карабин (.22 калибрийн)
  5. Эйкшн эйр буюу Хийн гар буу

Бусад буудлагын төрлөөс ялгагдах гол онцлог нь тухайн дасгалыг гүйцэтгэх явцад цуглуулсан оноог зарцуулсан хугацаанд хувааж оноог тооцдог бөгөөд аль болох том калибртай сум ашигласан тохиолдолд илүү оноо авах боломжийг олгодог. Энэ нь тамирчнаас илүү хүч, илүү ур чадвар шаарддаг байна.

Практик буудлагын спортын үндсэн зорилго нь галт зэвсэгтэй аюулгүй, зөв харьцах соёлыг олон нийтэд түгээхэд оршино. Энэ спортоор хичээллэснээр санамсар болгоомжгүй үйлдлээс сум алдаж амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлж сурна. Тус спорт нь хагас зууны турш дэлхийн олон оронд хөгжихдөө санамсаргүй алдаа эндэгдлийн нэг ч тохиолдол гаргаагүй нь дэг журам, аюулгүй байдалд хамгийн сайн сургадаг хатуу чанд спортын төрөл гэдгээ тодорхой илтгэдэг юм.

Олон Улсын Практик Буудлагын Холбоо (International Practical Shooting Confederation) нь 1976 онд олон улсын гар бууны буудлагын спортын хуралдаанаар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдснөөр анх үүсэн байгуулагдсан. ОУПБХ-ны төв нь Канад улсын Онтарио хотод байрладаг бөгөөд нийт 120 гаруй улсыг гишүүнээр элсүүлээд байна.

Advertisements