Тэмцээний дүн

“Олноо өргөгдсөн 107” тэмцээний дүн

Монголын Практик Буудлагын Холбоо нь цэрэг эх оронч үзэл, хандлагыг төлөвшүүлэх, бэхжүүлэх зорилгынхоо хүрээнд Монгол улсынхаа түүхэн тэмдэглэлт ойн баяраар буудлагын тэмцээн тогтмол зохион байгуулдаг уламжлал ёсоор 2018 оны 12-р сарын 29-нд “Олноо өргөгдсөн 107” цэц буудлагын тэмцээнээ амжилттай зохион байгууллаа.

Бид, Богд хаант Монгол улс Манжийн ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт ойн өдөр болох 12-р сарын 29-нд цэц буудлагын төрлөөр олон нийтийн дунд нээлттэй тэмцээн зохион байгуулдаг болсоор 4 дэх жилээ үдлээ. Тэмцээний өдөр ер бусын сайхан, салхигүй, тогтуун байсан нь цэц буудлагын тэмцээний өдөр ширүүн салхитай байдаг жишиг зөрчигдсөн юм.

Энэ удаагийн тэмцээн нь энгийн буюу Standard, нэмэлт тоноглолтой Open гэсэн 2 ангиллаар зохион байгуулагдсан. Энэ жил урьд өмнөх тэмцээнүүдээс илүү олон буудагч ирж, Standard ангилалд 12, Open ангилалд 27 буудагч оролцсон нь тэмцээний нэр хүнд жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн илэрхийлэл боллоо.

Standard ангилалд буудлага спорт сонирхогчдын эчнээ танил, үндэсний бөх сонирхогчдын эртний танил улсын заан Б.Соронзонболд 78 оноогоор түрүүлж, мөн буудлага сонирхогчдын эчнээ танилууд болох С.Дэлгэрхангай 73 оноогоор удаалж, М.Машбат 72 оноогоор гутгаар байранд орлоо.

Open ангилалд М.Машбат 83 оноогоор алт, Б.Отгон-Очир 81 оноогоор мөнгөн медаль хүртэж, Б.Соронзонболд мөн 81 оноо авсан боловч чанарын үзүүлэлт дутуу байсан тул тэмцээний дүрэм ёсоор хүрэл медалийн эзэн боллоо.