Тэмцээний дүн

“Олноо өргөгдсөн 106” тэмцээний дүн

Тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, үндэсний эрх чөлөөгөө зарлан тунхагласны түүхт ойд зориулан Монголын Практик Буудлагын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг F class төрлийн “Олноо өргөгдсөн 106” цэц буудлагын тэмцээн 2017 оны 12-р сарын 29-ний өдөр амжилттай явагдаж аваргаа тодрууллаа.

Тэмцээний өдөр хүйтэн, цас орж, шуурсан, цаг агаарын ширүүн сорилттой тулгарсан. Салхины хурд дунджаар 7-8 м/сек, зарим үед бүр 10-11 м/сек хүрч ширүүсч байсан ч эх орноо хамгаалах мэргэн буучид маань шантраагүй юм.

Тус тэмцээнд нийт 33 буудагч оролцсоноос 70 оноогоор практик буудлагын спортын мастер Х.Тэмүүжин түрүүлж, 69 оноогоор Л.Батболд удаалж, 61 оноогоор М.Батмөнх 3-р байр эзэллээ. 3 болон 4-р байрт орсон буудагчдын оноо тэнцүү байсан боловч F class цэц буудлагын дүрмийн дагуу онооны чанарыг (хэн олон 6 оноо авсан нь) харгалзан үзэж 3-р байрын эзнийг тодруулсан юм.

ч

Дүрэм ёсоор 300м болон 500м-ийн буудлагын нийлбэр дүнгээр эхний 12 буудагч 800м-ийн буудлага хийсэн. Зарим буудагч өөрийн саналаар 500м-ийн буудлага хийгээгүй. Тус тэмцээний ганц эмэгтэй буудагч Т.Хулан хамгийн өндөр оноотой байсан боловч тэмцээний удирдамжид “галт зэвсэг дамжуулахгүй” заасны дагуу түүний оноог тооцоогүй юм.

Тэмцээний түрүүлсэн тамирчныг ивээн тэтгэгч Altan dolgio LLC болон 5.11 Mongolia компаниудын зүгээс .30-06 spring калибрийн Remington® Model 783™ Walnut загварын галт зэвсгээр шагналаа. Удаах байруудыг 5.11 tactical брэндийн нэрийн бараагаар урамшууллаа.