Тэмцээний дүн

Гар бууны ДАШТ-нд анх удаа оролцлоо

2022 оны 11-р сарын 27-оос 12-р сарын 02-ны өдрүүдэд Тайланд улсын Паттаяа хотноо Гар бууны төрлийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Хуваарийн дагуу 2020 онд зохион байгуулагдах ёстой байсан тус тэмцээн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас 2 жил хойшилсон юм.

Анх 1975 онд Швейцарь улсын Цюрих хотноо зохион байгуулагдаж эхэлсэн Гар бууны ДАШТ нь 19 дэх удаагаа болж буй бөгөөд Ази тивд 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй юм. Монгол Улсын хувьд 2017, 2019 онуудад Карабины ДАШТ-нд, 2018 онд Хийн гар бууны ДАШТ-нд оролцож байсан бөгөөд Гар бууны ДАШТ-нд анх удаа оролцлоо.

75 орны 1390 тамирчид өрсөлдсөн тус тэмцээнд эх орноо төлөөлж ОУХМ Б.Алтанбагана, ОУХМ Ц.Дашдэмбэрэл нар, ОУХМ Д.Энхбаатар, СМ Э.Эрдэнэхалиу, СМ Д.Хатанзаяа, СДМ Д.Намуун, залуу тамирчин Н.Амир нар тус тус өрсөлдөв. Баг, тамирчдаа ахалж МПБХ-ны Ерөнхийлөгч ОУХМ Д.Наранбаатар ахлах дасгалжуулагчаар, МПБХ-ны гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга О.Батсайхан арын албанд ажилласан юм.

Практик буудлагын спортын уламжлал ёсоор үндсэн тэмцээн эхлэхээс өмнө тэмцээний шүүгч, албаны хүмүүсийн оролцдог урьдач тэмцээн (Prematch) болж МПБХ-ны ерөнхийлөгч Д.Наранбаатар оролцлоо. Хэдийгээр урьдач тэмцээний дүн шагналт байрт тооцогддоггүй боловч онооны жагсаалтад бичигддэг. Ингэснээр манай нийт 8 буудагч тэмцээнд оролцсон юм.

Нийт оролцсон 1390 тамирчнаас манай тамирчдын оролцсон Продакшн ангилалд хамгийн олон тамирчин буюу 358 хүн өрсөлджээ. Эдгээр хүмүүсээс 15 хүн дүрмийн алдаа гаргасны улмаас тэмцээнээс хасагдаж 343 хүний оноо эрэмбэлэгдсэн бөгөөд Продакшн ангилалд дэлхийн 8 удаагийн аварга Францын тамирчин Эрик Грауффел түрүүлж 9 дэх алтан медалиа хүртсэн.

Манай тамирчид хувийн дүнгээр нийт 358 буудагчаас:
– ОУХМ Д.Наранбаатар 62.18%-ийн амжилтаар 137-р байр,
– ОУХМ Д.Энхбаатар 60.22%-ийн амжилтаар 153-р байр,
– СМ Э.Эрдэнэхалиу 57.68%-ийн амжилтаар 177-р байр,
– ОУХМ Ц.Дашдэмбэрэл 53.17%-ийн амжилтаар 213-р байр,
– Өсвөрийн тамирчин Н.Амир 48.35%-ийн амжилтаар 253-р байр,
– ОУХМ Б.Алтанбагана 46.82%-ийн амжилтаар 264-р байр,
– СДМ Д.Намуун 45.80%-ийн амжилтаар 269-р байр,
– СМ Д.Хатанзаяа 44.74%-ийн амжилтаар 273-р байр

тус тус эзэллээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн дэд ангилалд өрсөлдсөн Д.Хатанзаяа 53 эмэгтэй тамирчнаас 41-р байрт орсон бол 15 хүртэлх насны өсвөрийн дэд ангилалд өрсөлдсөн Н.Амир 13 тамирчнаас 11-р байрт, 16-20 насны залуусын дэд ангилалд өрсөлдсөн Д.Намуун 23 тамирчнаас 22-р байрт, 50-59 насны ахмадын дэд ангилалд өрсөлдсөн 68 тамирчнаас Ц.Дашдэмбэрэл 35-р байрт, Б.Алтанбагана 42-р байрт оржээ. Хэдийгээр тэмцээний албан ёсны дүнд тооцогддоггүй боловч ахлах дасгалжуулагч Д.Наранбаатар урьдач тэмцээнд түрүүлсэн байна.

Мөн багийн дүнгээр нэг баг болж өрсөлдсөн Б.Алтанбагана, Э.Эрдэнэхалиу, Д.Энхбаатар, Н.Амир нар маань Продакшн ангилалд бүртгүүлсэн 26 багаас 23-р байр эзэллээ. Харин Ц.Дашдэмбэрэл, Д.Намуун нар гэр бүлийн багаар өрсөлдөж, тус бүр 2 хүний бүрэлдэхүүнтэй 21 гэр бүлээс 17-р байранд орсон байна.

Ийнхүү анх удаагаа оролцсон Гар бууны ДАШТ-ндээ манай тамирчид амжилттай оролцож, багагүй туршлага, мэдлэг хуримтлууллаа. Бүтэн 3 жилийн турш цар тахлын хөл хорио болон сумны зөвшөөрлийн удаашралаас үүдсэн бэлтгэл тасалдал, Монголын хуурай, хүйтэн өвлийн цаг агаараас Тайландын чийглэг, халуун цаг агаарын эрс тэс өөрчлөлт, далайн түвшний 1300 гаруй метрийн зөрүүтэй байдал зэргийг тооцож үзвэл тун ч боломжийн амжилттай оролцлоо. Энэ бүх хүндрэл бэрхшээлийг үл хайхран өөрийн зардлаар эх орноо төлөөлөн тэмцээнд оролцож, анхны шан татсан тамирчдадаа халуун талархал илэрхийлье.

Гар бууны буудлага өндөр хөгжсөн Европ, Америк тивийн тамирчидтай эн тэнцүү өрсөлдөх итгэлийг, ур чадвараа хэрхэн хөгжүүлбэл зохих арга замыг бид энэ тэмцээнээс олж авлаа. Эхний алхам ирээдүй рүү хөтөлдөг билээ.