“5.11 challenge 2018” – Карабины тэмцээний дүн

2018 оны 5-р сарын 12-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр “5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютер “Бродер Мерчантс” ХХК болон Монголын Практик Буудлагын Холбоо хамтран зохион байгуулсан “5.11 challenge” практик буудлагын тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээн карабины төрлөөр эхэлсэн юм. Ингээд тус тэмцээний дүнг дэлгэрэнгүй танилцуулъя.

Карабины тэмцээнд нийт 62 буудагч бүртгүүлсэн нь Монголын Практик Буудлагын Холбооны түүхэн дэх хамгийн олон оролцогчтой тэмцээн байхаар байсан хэдий ч зарим оролцогч тодорхой шалтгааны улмаас ирээгүйн улмаас 49 буудагч л тэмцээндээ оролцсон юм. Тэмцээнийг зөвхөн “Стандарт” төрлөөр зохион байгуулж, нийт 5 дасгалаас бүрдэж байсан бөгөөд тэмцээнийг “Холбооны гишүүн” болон “Гишүүн бус”, “Эмэгтэйчүүд” гэсэн 3 ангилалаар дүгнэлээ.

1-р дасгалд 14 сум шаардлагатай байсан ба нийт 70 оноо авах боломжтой байсан.

1-р дасгалыг хамгийн богино хугацаанд спортын мастер Ц.Адилтулга гүйцэтгэсэн бол Б.Сүхбат 14 альфа авч, ямар ч торгуульгүйгээр дасгалыг бүрэн гүйцэтгэж чадсан.

1-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер О.Пүрэвжамц тус дасгалд тэргүүлснээр 100%-ийн амжилт үзүүлж 70 оноогоо бүтэн авлаа.

2-р дасгалд 10 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 50 оноо авах боломжтой байсан.

2-р дасгалд хамгийн богино хугацааг спортын мастер Т.Цэрэннадмид үзүүлсэн агаад хэд хэдэн буудагч бүтэн онооны үзүүлэлт гаргасан байна.

2-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл О.Баттөгс тэргүүлж, 100%-ийн амжилт үзүүлжээ.

3-р дасгалд 11 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 55 оноо авах боломжтой байсан.

3-р дасгалыг спортын мастер О.Пүрэвжамц хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн бол Г.Мөнх-Очир тус дасгалд 11 альфа буюу бүтэн онооны амжилт үзүүлсэн байна.

3-р дасгалын дүнг нэгтгэн дүгнэвэл спортын мастер О.Пүрэвжамц 100%-ийн амжилт үзүүлж, боломжит оноогоо бүтэн авч бусад нь түүний араас жагслаа.

4-р дасгалд 29 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 145 оноо авах боломжтой байсан.

4-р дасгалыг спортын мастер Ц.Адилтулга хамгийн түргэн гүйцэтгэсэн бол Г.Мөнх-Очир хамгийн нямбай гүйцэтгэжээ.

4-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер Ц.Адилтулга тус дасгалд тэргүүлсэн байна.

5-р дасгалд 8 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 40 оноо авах боломжтой байсан.

5-р дасгалын хувьд спортын мастер О.Пүрэвжамц хамгийн богино хугацаанд дасгалаа гүйцэтгэж дууссан байна. Харин Н.Гантулга, Р.Лувсанням нар хамгийн нямбай гүйцэтгэлийг үзүүлжээ.

5-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл Д.Гантулга үзүүлэлтээрээ тэргүүлж 100%-ийн амжилт үзүүлжээ.

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр тооцсон оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

Ингээд эцсийн дүнг гаргахад явц дунд хасагдсан хүн гараагүй бөгөөд нийт 49 тамирчнаас спортын мастер Ц.Адилтулга 100%-ийн амжилтаар бусдыгаа тэргүүлжээ. Гэвч өмнө дурдсанчлан, тэмцээний удирдамжийн дагуу “Холбооны гишүүн”, “Гишүүн бус”, “Эмэгтэй” гэсэн 3 ангиллаар тэмцээнийг дүгнэсэн. Иймд оноог ангилал тус бүрд дахин дүгнэж эцсийн дүнг тодорхойлов.

Карабины тэмцээний “Гишүүн бус” ангилалд О.Баттөгс 100%-ийн амжилтаар бусдыгаа хошуучилж алтан медаль хүртсэн бол 94.98%-ийн амжилтаар М.Батмөнх мөнгөн медаль, 89.76%-ийн амжилтаар Б.Ганбаяр хүрэл медаль тус тус хүртэв.

“Эмэгтэйчүүд”-ийн ангилалд спортын мастер Т.Цэрэннадмид 1-р байр, спортын дэд мастер Т.Хулан 2-р байр, спортын мастер Р.Бямбасүрэн 3-р байрыг эзлэв.

Харин “Холбооны гишүүн” ангилалд алтан медалийг спортын мастер Ц.Адилтулга, мөнгөн медалийг спортын мастер О.Пүрэвжамц, хүрэл медалийг П.Эрдэнэбилэг нар тус тус хүртлээ.

Практик буудлагын спортын дүрэм ёсоор багийн дүнг тухайн багийн 4 гишүүний 3-ынх нь авсан онооны нийлбэрээр тооцдог. Түүнчлэн дүрэм ёсоор тухайн ангилалд 4-өөс цөөн баг оролцсон тохиолдолд багийн дүнг шалгаруулдаггүй.

Энэ удаагийн карабины тэмцээнд “Гишүүн бус” ангилалд 4 баг оролцсоноос 1-р байрыг “Хилчин” баг, 2-р байрыг “Ирвэс” баг, 3-р байрыг “Барс” баг эзэллээ.

Харин “Холбооны гишүүн” ангилалд нийт 8 баг бүртгүүлснээс “APES” баг түрүүлж, “Хишигтэн” баг 2-р байр,  “Police” баг 3-р байрыг тус тус эзэллээ.

Advertisements