Тэмцээний дүн

“5.11 challenge 2018” – Гар бууны тэмцээний “Стандарт” ангиллын дүн

2018 оны 5-р сарын 13-ны Ням гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр “5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютер “Бродер Мерчантс” ХХК болон Монголын Практик Буудлагын Холбоо хамтран зохион байгуулсан “5.11 challenge” практик буудлагын тэмцээн 2 дахь өдрөө гар бууны төрлөөр үргэлжлэн явагдлаа. Ингээд гар бууны тэмцээний “Стандарт” ангиллын дүнг дэлгэрэнгүй танилцуулъя.

Гар бууны тэмцээнд нийт 63 буудагч бүртгүүлсэн. Үүнээс 46 буудагч “Стандарт” ангилалд оролцохоор бүртгүүлсэн хэдий ч зарим оролцогч тодорхой шалтгааны улмаас ирээгүйн улмаас 43 буудагч тэмцээнд оролцсон юм. Мөн түүнчлэн хүндэтгэх шалтгааны улмаас тэмцээний дундаас 2 буудагч зарим дасгалаа гүйцэтгэлгүй орхисон. Тэмцээн нийт 5 дасгалаас бүрдэж байсан бөгөөд тэмцээнийг “Холбооны гишүүн” болон “Гишүүн бус”, “Эмэгтэйчүүд” гэсэн 3 ангилалаар дүгнэлээ.

1-р дасгалд 18 сум шаардлагатай байсан ба нийт 90 оноо авах боломжтой байсан.

1-р дасгалыг М.Баярсайхан 12.93 секундэд гүйцэтгэсэн нь хамгийн богино үзүүлэлт болж байгаа бол ОХУ-аас ирж оролцсон Я.Алексеев 14 альфа, 4 чарли авч, ямар ч торгуульгүйгээр дасгалыг бүрэн гүйцэтгэж чадсан байна.

1-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер Н.Ганбаяр тус дасгалд тэргүүлснээр 100%-ийн амжилт үзүүлж оноогоо бүтэн авлаа.

2-р дасгалд 22 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 110 оноо авах боломжтой байсан.

2-р дасгалд хамгийн богино хугацааг Э.Эрдэнэхалиу үзүүлсэн агаад , торгуульгүйгээр 20 альфа, 1 чарли, 1 делта авсан үзүүлэлтээр Р.Даваасүрэн тус дасгалын мэргэн бууч болсон байна.

2-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер М.Чинбат тэргүүлж, 100%-ийн амжилт үзүүлжээ.

3-р дасгалд 16 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 80 оноо авах боломжтой байсан.

3-р дасгалыг Э.Эрдэнэхалиу хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн бол хэд хэдэн буудагч 16 альфа буюу бүтэн онооны амжилт үзүүлсэн байна.

3-р дасгалын дүнг нэгтгэн дүгнэвэл Э.Эрдэнэхалиу 100%-ийн амжилт үзүүлж, боломжит оноогоо бүтэн авч бусад нь түүний араас жагслаа.

4-р дасгалд 29 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 145 оноо авах боломжтой байсан.

4-р дасгалыг Э.Эрдэнэхалиу хамгийн түргэн гүйцэтгэсэн бол Р.Даваасүрэн хамгийн нямбай гүйцэтгэжээ.

4-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл Г.Ганзориг тус дасгалд тэргүүлсэн байна.

5-р дасгалд 8 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 40 оноо авах боломжтой байсан.

5-р дасгалын хувьд спортын мастер Б.Хос-Эрдэнэ хамгийн богино хугацаанд дасгалаа гүйцэтгэж дууссан байна. Харин Б.Батбаяр, Н.Одгэрэл нар 8 альфа буюу бүтэн онооны буудалт үзүүлжээ.

5-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер Б.Хос-Эрдэнэ үзүүлэлтээрээ тэргүүлж 100%-ийн амжилт үзүүлжээ.

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр тооцсон оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

Ингээд эцсийн дүнг гаргахад явц дунд дүрмийн алдаа гаргасны улмаас 6 буудагч хасагдсан бөгөөд тэмцээнээ амжилттай дуусгасан нийт 37 тамирчнаас Э.Эрдэнэхалиу 100%-ийн амжилтаар бусдыгаа тэргүүлжээ. Гэвч өмнө дурдсанчлан, тэмцээний удирдамжийн дагуу “Холбооны гишүүн”, “Гишүүн бус”, “Эмэгтэй” гэсэн 3 ангиллаар тэмцээнийг дүгнэсэн. Иймд оноог ангилал тус бүрд дахин дүгнэж эцсийн дүнг тодорхойлов.

Гар бууны тэмцээний “Гишүүн бус” ангилалд Ж.Баттулга алтан медаль хүртсэн бол О.Баттөгс мөнгөн медаль, Ч.Баярхүү хүрэл медаль тус тус хүртэв.

“Эмэгтэйчүүд”-ийн ангилалд спортын дэд мастер Н.Одгэрэл алт, спортын дэд мастер Б.Булган мөнгө, спортын мастер Т.Цэрэннадмид хүрэл медаль тус тус хүртлээ.

Харин “Холбооны гишүүн” ангилалд Э.Эрдэнэхалиу 1-р байр, спортын мастер М.Чинбат 2-р байр, Т.Бүгүнүтэй 3-р байрыг тус тус эзлэв.

Практик буудлагын спортын дүрэм ёсоор багийн дүнг тухайн багийн 4 гишүүний 3-ынх нь авсан онооны нийлбэрээр тооцдог. Түүнчлэн дүрэм ёсоор тухайн ангилалд 4-өөс цөөн баг оролцсон тохиолдолд багийн дүнг шалгаруулдаггүй. Иймд энэ удаагийн тэмцээнд “Гишүүн бус” ангилалд 2 баг оролцсон тул багийн дүнг шалгаруулаагүй.

Энэ удаагийн гар бууны “Стандарт” төрлийн тэмцээнд “Холбооны гишүүн” ангилалд нийт 8 баг бүртгүүлснээс “Forensic” баг түрүүлж, “APES” баг 2-р байр,  “Хишигтэн” баг 3-р байрыг тус тус эзэллээ.