Тэмцээний дүн

“5.11 challenge 2018” – Гар бууны тэмцээний “Макаров” ангиллын дүн

2018 оны 5-р сарын 13-ны Ням гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр “5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютер “Бродер Мерчантс” ХХК болон Монголын Практик Буудлагын Холбоо хамтран зохион байгуулсан “5.11 challenge” практик буудлагын тэмцээн 2 дахь өдрөө гар бууны төрлөөр үргэлжлэн явагдлаа. Ингээд гар бууны тэмцээний “Макаров” ангиллын дүнг дэлгэрэнгүй танилцуулъя.

Гар бууны тэмцээнд нийт 63 буудагч бүртгүүлснээс “Макаров” ангилалд 17 буудагч оролцохоор бүртгүүлсэн. Гэвч зарим оролцогч тодорхой шалтгааны улмаас ирээгүйн улмаас 10 буудагч тэмцээндээ оролцсон. Олон улсын практик буудлагын холбооны дүрмээр 9х18мм-ийн калибрыг хүлээн зөвшөөрдөггүй боловч МПБХ-ны зүгээс Монголынхоо нөхцөлд тохируулан, тусгай албадаа дэмжих үүднээс “Макаров” ангиллаар тэмцээн зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

1-р дасгалд 18 сум шаардлагатай байсан ба нийт 90 оноо авах боломжтой байсан.

1-р дасгалд Ж.Тамир Hit Factor-оороо тэргүүлснээр 100%-ийн амжилт үзүүлж боломжит оноогоо бүтэн авчээ.

2-р дасгалд 22 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 110 оноо авах боломжтой байсан.

2-р дасгалд М.Батмөнх тэргүүлжээ.

3-р дасгалд 16 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 80 оноо авах боломжтой байсан.

3-р дасгалд Ж.Тамир 100%-ийн амжилт үзүүлж, боломжит оноогоо бүтэн авч бусад нь түүний араас жагслаа.

4-р дасгалд 29 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 145 оноо авах боломжтой байсан.

4-р дасгалыг М.Батмөнх тус дасгалд тэргүүлсэн байна.

5-р дасгалд 8 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 40 оноо авах боломжтой байсан.

5-р дасгалын хувьд Ж.Тамир үзүүлэлтээрээ тэргүүлж 100%-ийн амжилт үзүүлжээ.

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр тооцсон оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

Ингээд эцсийн дүнг гаргахад гар бууны “Макаров” ангиллын тэмцээнд, явц дунд 2 буудагч дүрмийн алдаа гаргаж хасагдсан бөгөөд тэмцээнээ амжилттай дуусгасан 8 тамирчнаас М.Батмөнх алтан медаль, Ж.Тамир мөнгөн  медаль, Б.Ганбаяр хүрэл медаль тус тус хүртлээ.

Тэмцээний удирдамж ёсоор “Макаров” ангилалд багийн дүн тодруулаагүй юм.