Тэмцээний дүн

“F class 2017” цэц буудлагын УАШТ-ний дүн

2017 оны 4-р сарын 22-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны Төв клубын буудлагын талбай дээр “F class 2017” цэц буудлагын Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Хэдийгээр цэц буудлага (sniping)-ын төрөл нь практик буудлагын төрөлд хамаардаггүй ч гэлээ МПБХ нь холын зайн буудлагын “F class” төрлийг Монгол улсад хөгжүүлэхээр шамдан оролддог юм. “F class” төрлийн дүрэм ёсоор 300м, 500м, 800м-т орших 6 онооны спорт бай руу тус бүр туршилтын 2, онооны 5 буудлага хийж, нийт 15 буудалтын үр дүнд авсан онооны нийлбэрээр эцэслэн дүгнэдэг.

Ингээд эцсийн дүнг шалгаруулахад 58 оноогоор Б.Алтанбагана түрүүлж, 56 оноогоор Б.Соронзонболд дэд байр, 54 оноогоор Х.Тэмүүжин гуравдугаар байрыг тус тус эзэллээ. III байр эзэлсэн Х.Тэмүүжин өнгөрсөн жилийн УАШТ-нд мөнгөн медаль хүртэж байсан  бол Б.Соронзонболдын хувьд МПБХ-оос зохион байгуулсан цэц буудлагын тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлдэг сайн буудагч билээ.

Харин Б.Алтанбаганын хувьд 2015 онд МПБХ-оос анхлан зохион байгуулж байсан, эдүгээ Орхон аймгийн буудлагын спорт сонирхогчид уламжлан хөгжүүлж байгаа стандарт бус, холимог снайпингийн тэмцээн болон 2016 онд Төв клубын нэрэмжит “F class” тэмцээнд тус тус түрүүлж байсан агаад ийнхүү анх удаагаа Монгол улсын аваргаар тодорч байна. Тэрбээр Orsis T5000 маркийн .308 калибрийн тактикийн галт зэвсгээр энэхүү амжилтуудаа үзүүлжээ.

Энэ удаагийн тэмцээнд харьцангуй цөөн буюу 9 тамирчин оролцсон агаад тэмцээн зохион байгуулагдсан өдөр “уламжлал ёсоор” хүйтэн, хуйлраа салхитай өдөр байсан тул тамирчдын шандсыг шавхаж, чадварыг хөвчилсөн.

Дашрамд сонирхуулахад, бусад төрлийн буудлагын тэмцээний үеэр тэгдэггүй мөртлөө цэц буудлагын тэмцээн зохион байгуулагдах тухайн өдөр манай Төв клубын буудлагын талбай дээр цаг агаар үргэлж ширүүн, хүйтэн салхитай байж таардаг нь бидний хувьд “уламжлал” болсон үзэгдэл юм.

Цэц буудлагын онцлог нь тамирчид өөр хоорондоо тэмцэлдэх гэхээсээ өөрийнхөө ур чадварыг шалгадаг, үнэлэхэд илүүтэй чиглэдэг тул цаг агаарын иймэрхүү нөхцөл байдал нь буудагчид бидэнд нэмэлт сорил болж, баяр баясгалан бэлэглэдэг билээ.