2017 оны 2-р сарын 25-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр Монголын үндэсний уламжлалт баяр “Цагаан сар”-д зориулсан практик буудлагын 2-р түвшний тэмцээн гар буу, карабины төрлөөр зохион байгуулагдлаа. Карабины төрөлд 16 тамирчин өрсөлдөж нийт 50 сумны 3 дасгал гүйцэтгэв.
Тэмцээний явцад 3 тамирчин дүрмийн алдаа гаргаж хасагдсан бөгөөд 13 тамирчин тэмцээнээ амжилттай дуусгалаа.
Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог. Ийнхүү дасгал бүрээр цуглуулсан оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.
Ингээд нийлбэр дүнгээр спортын дэд мастер Ц.Адилтулга түрүүлж, спортын дэд мастер Г.Лхагвабат, Г.Ганбаатар нар удаалав. Энэ өдөр Г.Ганбаатар тун одтой, хийморьтой байж гар бууны төрөлд түрүүлсэн юм.