Монголын Практик Буудлагын Холбооноос 2016 оны 12-р сарын 29-ний Пүрэв гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн баярын өдөрт зориулан “Олноо өргөгдсөн-105” цэц буудлага (sniping)-ын тэмцээнийг МПБХ-ны буудлагын талбай дээр амжилттай зохион байгууллаа.
Энэ өдөр дулаахан, цаг агаар тогтуун сайхан өдөр байлаа. Тус тэмцээний зорилго нь аварга тодруулах зорилгогүй, өндөр шагналгүй, зөвхөн өөрийгөө сорих “сургалт-бэлтгэл-тэмцээн” байсан юм.
Тэмцээнд практик буудлагын холбооны гишүүд, хүчний байгууллагын тусгай албадын мэргэн буучид болон галт зэвсэг сонирхогч иргэд оролцсон нийт 24 мэргэн буучид урьд нь олимпийн төрөлд ордог байсанчлан 300 метрийн зайд, 10 онооны спорт байнд, хэвтээ байрлалаас тус бүр 10 сум буудаж цэц мэргэнээ сорьж оролцлоо.
Тэмцээний цор ганц ялагч нь 105 оноо авахаас 104 оноогоор С.Дэлгэрхангай Savage FTR 308 win буугаар оролцож энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүлж тэргүүн байрны шагналыг гардан авсан.
Тэмцээний ялагч С.Дэлгэрхангай
С.Дэлгэрхангайн буудлагын үр дүн. Байны хэмжээ 25см Х 25см, голын тойрог буюу 10.5 онооны диаметр нь 5 см, харин 10 онооны диаметр нь 10 см.
Харин тэмцээнийг удаалсан буудагч бол МУ-ын заан Б.Соронзонболд байсан бөгөөд МПБХ-ноос зохион байгуулж байсан 2014 оны цэц буудлагын тэмцээнд 3-р байр эзэлж, 2015 оны 4-р сард зохиосон бооцоот тэмцээнд түрүүлж байсан тэрбээр шаггүй сайн буудагч гэдгээ дахин батлаад авлаа.
Б.Соронзонболдын буудлагын үр дүн
Тэмцээнд оролцож байгаа тамирчид эн тэнцүү өрсөлдөж байсан нь манай буудагч нарын ур чадвар, зэвсэг техник нь дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөхөд ойртож байгаа нь анзаарагдаж байлаа. Гэвч бид бүхний тэргүүн зэргийн бэрхшээл бол үндсэндээ эдийн засгийн чадамж, бололцоо хэвээр байна.
Тамирчдын үзүүлсэн амжилтыг дараах зургаас үзнэ үү.
Тус тэмцээний үеэр 1000м-т зөвхөн нэг сум буудах сорилго тэмцээн явуулахад О.Пүрэвжамц ганцаар онож бооцоог ганцаар хүртсэн юм.
Ийнхүү анх удаагаа явуулсан тэмцээн маань амжилттай өндөрлөлөө. МПБХ-ноос тус тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэснийг дуулгахад таатай байна.