2017 оны шинэ жилийн баярын цэнгүүн боллоо

2016 оны 12-р сарын 10-ны өдөр буюу өнгөрөгч Бямба гаригт МПБХ 2017 оны шинэ жилийн баярын цэнгүүнээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Цэнгүүний үеэр өнгөрөн одож буй 2016 оныхоо тайлангаа танилцуулж, шилдгүүдээ тодруулсан юм. Баярын арга хэмжээг нээж МПБХ-ны ерөнхийлөгч ноён Д.Наранбаатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

“Эрхэм хүндэт нөхөд өө|

Хэдхэн мөчийн дараа бид одоо үеэс ирээдүй рүүгээ алхан орцгооно.

Шинэ жилийн баяр бол хүүхэд бүрийн, хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр. Энэ баяр зуу зуун жилийн турш үеэс үед уламжлагдан ирсээр хүн бүрийн хамгийн хүсэмжит сайхан баярын нэг болохын зэрэгцээ хүмүүн биднийг хэдийд ч, хаана ч байсан сэтгэл зүрхийг минь дулаацуулан, ирээдүй рүүгээ өөдрөгөөр алхах аз жаргал, сайнд итгэх итгэлийг өгдөг. Сайн сайхан зүйлийг зөвхөн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, өөрийн сэтгэлийн гэгээрэл, зорилгодоо хүрэх чин хүсэл тэмүүлэлээр бий болгодог гэдгийг хүн бүр мэднэ.

Бидний ололт амжилт, эцэг эх, гэр бүл, үр хүүхдээ халамжлан хайрлах хайр нь хөгжин цэцэглэх Монгол улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай салшгүй холбоотойг ухамсарлан аав, ээжийн ачийг анхаарал халамжаар хариулан, үр хүүхдээ ажилч хичээнгүй, үнэнч шударга, тусч, ухаан төгс өсгөн хүмүүжүүлж, өөрийн нэр төрийг Монгол улсын нэр төр хэмээн эрхэмлэн хичээж шинэ ондоо спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!

Итгэл төгс анд нөхөд, ойр дотны хүний дэмжлэг нь бидэнд өөртөө итгэх итгэлийг бий болгож, авсанаасаа илүү өгөх сэтгэлийг төрүүлдэг. Ингээд бие биендээ харилцан ойлголцол, уучлал, хайр халамж, тус, оролцооны төлөө талархал илэрхийлэн айл бүрт, хүн бүрт аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Шинэ жилийн мэнд хүргэе!”

naraa

МПБХ-ны Ерөнхийлөгч Д.Наранбаатар, гэргий Н.Одгэрэлийн хамт

Ийнхүү холбооны ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсний дараа 2016 оны шилдгүүдээ тодруулж, өнгөрөн одож буй жилийнхээ үйл ажиллагааг ерөнхий нарийн бичгийн дарга М.Баярсайхан танилцууллаа.

bets

Зүүн гар талаас: Хамгийн “цогтой” буюу хөдөлмөрч тамирчин О.Пүрэвжамц, Цэц буудлагын шилдэг тамирчин Х.Тэмүүжин, Гар бууны шилдэг тамирчин Д.Золзаяа, Амжилт нь тогтвортой өссөн “Дебют” буудагч Т.Цэрэннадмид, Карабины шилдэг тамирчин Ц.Адилтулга нар.

2016 оны хувьд УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулиуд, мөн АСЕМ-ын чуулган зэрэг томоохон арга хэмжээнүүд давхцсан, мөн бусад шалтгааны улмаас МПБХ-ны зүгээс жил бүр уламжлал болгон зохиодог “Mongolian Open” олон улсын тэмцээнээ зохион байгуулж чадаагүй ч гар бууны төрлөөр 4, карабины төрлөөр 9, цэц буудлагын төрлөөр 4, нийт 17 тэмцээн зохион байгуулсан агаад дээрх тамирчид гаргасан амжилтаараа манлайллаа. МПБХ-ны зүгээс зөвхөн тэмцээн зохион байгуулаад байдаггүй, гишүүд тамирчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, ялангуяа “Галт зэвсэгтэй аюулгүй харьцах соёлыг нийтэд түгээх” үндсэн зорилгынхоо хүрээнд сургалтууд зохион байгуулж ирсэн.  Түүнчлэн энэ жилийн хувьд буудлагын талбайгаа тохижуулж, шүүгчийн байр барьсан, тэмцээний бүртгэлийг онлайн хэлбэрт шилжүүлсэн… гэх мэт зохион байгуулалтын ажлууд багагүй хийсэн юм. Ирж буй 2017 онд хийж дуусгаагүй ажлаа гүйцээж, шинээр олон олон ажлууд хийхээр төлөвлөснөөс олон улсын “M0ngolian Open” тэмцээнээ зохион байгуулах, ОХУ-ын нийслэл Москва хотноо карабины төрлөөр зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа оролцуулах нь нэн тэргүүний зорилт болж байна.

Энэ удаагийн баярын арга хэмжээг ШШҮХ-ийн “Forensic” баг зохион байгуулсан бөгөөд цэнгүүнд оролцохоор ирсэн бүх хүнд энгэрийн тэмдэг дурсгаж, азын сугалаа тараасан юм. Сугалаа нь “Нэг төгрөг”-ийн мөнгөн дэвсгэрт байсан ба мөнгөн дэвсгэртийн дугаараар 5 азтанг тодруулсан юм.

temdeg

Түүнчлэн арга хэмжээний үеэр тус холбооны гишүүн, цагдаагийн тусгайгийн мэргэн бууч асан Б.Ганбат, Ц.Тод нарыг цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарч байгаатай холбогдуулан холбооны зүгээс дурсгалын зүйл гардуулсан юм.

pension

Зүүн гар талаас: МПБХ-ны Ерөнхийлөгч Д.Наранбаатар, тэтгэвэрт гарч буй цагдаагийн дэд хурандаа Б.Ганбат, дурсгалын зүйлийг холбооны нэрийн өмнөөс гардуулсан ЦЕГ-ын ТАГ-ын дарга, хурандаа Б.Алтанбагана, МПБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Баярсайхан нар

15443290_1076854359103971_1639583280444181008_o

15392948_1076854485770625_7366886270920921330_oБаярын үеэр олон олон хөгжөөнт тоглоом зохион байгуулагдсан бөгөөд тэдгээрийн нэг нь бүжгийн тэмцээн байлаа. Бүжгийн тэмцээн болон шилдэг тамирчдын шагналыг МПБХ-ны алтан түнш “5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютер “Бродер Мерчантс” компанийн захирал, МПБХ-ны гишүүн Б.Тамир ивээн тэтгэсэн юм.

Зүүн гар талд: Бүжгийн тэмцээний ялагч Н.Ганбаяр, Т.Хулан нар

Баруун гар талд: Тэдний ширүүн өрсөлдөгч Х.Тэмүүжин, Н.Одгэрэл нар

Мөн уламжлал ёсоор Ерөнхий нарийн бичгийн дарга М.Баярсайхан “МПБХ-ны 2016 оны кино”-г үзүүлсэн бөгөөд өнгөрөгч онд болсон инээд хөөртэй, гуниг харамсалтай олон олон дурсгалт мөчүүдийг нэгтгэж, хөгжөөнт дүрслэлүүдээр чимэглэсэн нь туйлын сонирхолтой байлаа.

Advertisements