2016 оны 12-р сарын 03-ны өдөр буюу өнгөрөгч Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооноос галт зэвсэгтэй аюулгүй харьцах соёлыг нийтэд түгээх үндсэн зорилгынхоо хүрээнд практик буудлагын спортыг сонирхогчдод зориулан тус спортыг сурталчлах, танилцуулах сургалтыг зохион байгууллаа.
Юуны өмнө “Мянган удаа сонсохоор нэг удаа үз” гэж ухаант ардын маань мэргэн үг байдагчлан өвлийн хүйтнийг ажралгүй, цасны ихээс бэргэлгүй танилцуулах сургалтад оролцсон хүмүүстээ нэн талархаж байгаагаа илэрхийлье. Анх удаа зохион байгуулсан тус танилцуулах сургалтад 8 оролцогч өөрсдийн сайн дураар хамрагдлаа.
Танилцуулах сургалтын үеэр аюулгүй ажиллагааны үндсэн 4 зарчим болон карабины суурь техникийг танилцуулав.
Сургалтад эйрсофт (airsoft)-ын зэвсэг ашигласан бөгөөд сургалтын явцад Вепр КМ маркийн хагас автомат ажиллагаатай, спортын зориулалттай карабинаар 20 сумны дадлагын буудлага хийлгэсэн юм. Нэг зүйл сануулахад энэ бол зөвхөн танилцуулах сургалт буюу ердөө л танилцуулга.
Хэдий танилцуулга төдий боловч аюулгүй ажиллагааны үндсэн 4 зарчмыг зааж, хууль эрхзүйн ойлголт өгч, зогсолт, барилт зэрэг суурь техникийг зааж, цөөн боловч дадлагын буудлага гүйцэтгэж байгаа тул сургалт гэж нэрлэхээс аргагүй. Холбоонд гишүүнээр элсэхийн тулд танилцуулах биш, 3 хоногийн анхан шатны сургалтад сууж 1000-1500 удаагийн буудалт гүйцэтгэх ёстой байдаг.
Сургалтад оролцогчид маань практик буудлагын спортын талаар бодит ойлголт авснаас гадна, галт зэвсгийн тухай хуулийн талаар тодорхой түвшинд мэдлэг, мэдээлэл авлаа. Мөн өдөр холбооны гишүүд, тамирчдын дунд зохион байгуулагдсан карабины тэмцээний явагдсан агаад сургалтад оролцогчид 3 дасгал үргэлжилсэн тус тэмцээнийг үзэж сонирхсон юм.
Бид практик буудлагын спортыг танилцуулах энэхүү сургалтыг цаашид идэвхитэй явуулахаар төлөвлөж байна. Энэхүү танилцуулах сургалтын арга хэмжээ нь практик буудлагын спортын үндсэн зорилго болох “галт зэвсэгтэй аюулгүй харьцах соёлыг нийтэд түгээх” зорилгод маань бүрэн нийцэж байгаа юм.