Тэмцээний дүн

Карабины 2016.11.12-ний тэмцээний дүн

2016 оны 11-р сарын 12-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр карабины төрлөөр IPSC-I түвшний буюу төв клубын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт 20 тамирчин бүртгүүлж 17 тамирчин оролцсоноос, тэмцээний явц дунд 2 буудагч дүрмийн алдаа гаргасны улмаас хасагдаж, 15 буудагч тэмцээнээ амжилттай дуусгалаа.

Тамирчид нийт 55 сумны 3 дасгал гүйцэтгэх ёстой байсан боловч тодорхой шалтгааны улмаас 3-р дасгалын зохиомжид өөрчлөлт орсон тул нийт шаардлагатай сумны тоо 39 болж өөрчлөгдсөн юм.

1-р дасгалд 2 цаасан бай, 2 хөдөлгөөнт бай, 1 төмөр бай байсан бөгөөд нийт 45 оноо авах боломжтой байсан. Дасгалыг талбайн шүүгч, ОУХМ Ц.Дашдэмбэрэл удирдан явуулсан юм.

staeges_page_1

Тус дасгалын хувьд буудагчдын тал нь хөдөлгөөнт байгаа алдаж буудсаны улмаас хасах оноо авч нийлбэр оноо нь “0” болсон байна.

 

stage-1

2-р дасгалд 7 цаасан бай, 3 торгуулийн бай байсан бөгөөд нийт 70 оноо авах боломжтой байсан. Дасгалыг талбайн шүүгч, ОУХМ Д.Наранбаатар удирдан явуулсан юм.

staeges_page_2

Тус дасгалын онцлог нь эхлэлийн цэг нь хэт урагш байрлалтайн улмаас дараагийн бай руу шилжилт хийх үед өнцгийн алдаа гаргах магадлал өндөртэй байв.

stage_2

3-р дасгалыг талбайн шүүгч М.Баярсайхан удирдан явуулсан юм. Төлөвлөгөөний дагуу 3-р дасгал нь 16 цаасан бай, 4 торгуулийн бай бүхий, нийт 160 оноо авах боломжтой 32 сумны дасгал байх ёстой байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас, тэмцээн эхлэхээс өмнө шүүгчдийн зөвлөл дасгалын зохиомжийг өөрчилж 9 цаасан байны оронд 130м болон 300м-т байрлах 2 төмөр бай тавихаар шийдвэрлэсэн.

staeges_page_3

300м-ийн байг 6 цаасан байтай, 130м-ийн байг 3 цаасан байтай тус тус дүйцүүлж оноог тооцсон нь тэмцээний нийт үр дүнд нөлөөлөхүйц том өөрчлөлт болсон юм. 14 дугаартай буудагч ОУХМ Д.Наранбаатар тус дасгалыг гүйцэтгээгүй.

stage_3

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноог бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр цуглуулсан оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

overall_page_1

Бүх дасгалаа бүрэн гүйцэтгэсэн 15 буудагчаас ЦЕГ-ын ТАГ-ын тамирчин Ж.Анхбаяр түрүүлж, тус газрын М.Батмөнх, Алтангэрэл нар (А.Баасанхүүгийн оронд оролцсон) 2 ба 3-р байрыг тус тус эзлэв.

Практик буудлагын спортын дүрмээр тухайн ангилалд 5-аас доошгүй баг, эсвэл хүн оролцсон тохиолдолд тухайн ангиллыг хүлээн зөвшөөрч, шалгаруулалт явагддаг. Энэ удаагийн тэмцээнд 2 баг оролцохоор бүртгүүлж, бусад тамирчид хувиараа өрсөлдсөн тул багийн дүн шалгаруулаагүй болно.