2016 оны 10-р сарын 15-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр карабины төрлөөр IPSC-I түвшний буюу төв клубын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт 22 тамирчин оролцсоноос 3 буудагч дүрмийн алдаа гаргаж тэмцээний дундаас хасагдаж, 19 буудагч тэмцээнээ амжилттай дуусгалаа. Тамирчид нийт 50 сумны 3 дасгал гүйцэтгэсэн юм.
1-р дасгалд 3 цаасан бай, 2 төмөр бай, 1 торгуулийн бай байсан бөгөөд нийт 50 оноо авах боломжтой байсан. Дасгалыг талбайн шүүгч, спортын мастер М.Чинбат удирдан явуулсан юм.
2-р дасгалд 11 цаасан бай, 4 төмөр бай, 4 торгуулийн бай байсан бөгөөд нийт 150 оноо авах боломжтой байсан. Дасгалыг талбайн шүүгч, спортын мастер Б.Хос-Эрдэнэ удирдан явуулсан.
3-р дасгалд 1 цаасан бай, 7 төмөр бай, 1 торгуулийн бай байсан бөгөөд нийт 80 оноо авах боломжтой байсан. Дасгалыг талбайн шүүгч Д.Энхбаатар удирдан явуулсан юм.
Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноог бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог. Ийнхүү дасгал бүрээр цуглуулсан оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.
Бүх дасгалаа бүрэн гүйцэтгэсэн 19 буудагчаас спортын дэд мастер Ц.Адилтулга 100%-ийн амжилт үзүүлэн түрүүлж, спортын дэд мастер Г.Лхагват 88.7%-ийн амжилтаар 2-р байр, Г.Ганбаатар 86.4%-ийн амжилтаар 3-р байрыг тус тус эзэллээ.
Практик буудлагын спортын дүрмээр тухайн ангилалд 5-аас доошгүй баг, эсвэл хүн оролцсон тохиолдолд тухайн ангиллыг хүлээн зөвшөөрч, шалгаруулалт явагддаг. Энэ удаагийн тэмцээнд нийт 3 баг оролцсон тул багийн дүн шалгаруулаагүй болно.