Тэмцээний дүн · Тэмцээний мэдээлэл

Улаан-Үд хотноо болсон практик буудлагын тэмцээнд оролцов

2016 оны 9-р сарын 24, 25-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотноо “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн СОБР-ын алба хаагчдын гэгээн дурсгал”-ыг хүндэтгэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг практик буудлагын тэмцээнд Монгол улсын төлөөлөл оролцлоо.

Тэмцээн эхнээсээ нөхөрсөг уур амьсгал дунд, байгалийн сайханд, зохион байгуулалт өндөр түвшинд явагдлаа. Тус тэмцээнд Монголчуудыг оролцоход бүх талаар туслалцаа дэмжлэг үзүүлсэн ОХУ-ын Практик буудлагын холбооны Улаан-Үд бүсийн ерөнхийлөгч Сергей Юрьевич Тулуевт гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

14495427_10210043159737537_5390720892173132727_n

Энэ удаагийн тэмцээн маш өргөн хүрээнд зохион байгуулагдаж ОХУ-ын Чита, Новосибирск, Иркутск, Челябинск, Москва, Приморын хязгаараас нийт 134 тамирчин оролцсон нь өмнөх жилийн оролцогчдоос 40 гаруй хүнээр олон байлаа. Монгол улсаас 17 хүн, 2 баг оролцуулсан бөгөөд тус тэмцээнд 2 дахь удаагаа оролцсон юм. Манай тамирчдын хувьд өөрсдийн галт зэвсгийг авч явах боломжгүй байсан тул урьдчилан бэлтгэл хийгээгүй, дасал болоогүй зэвсгээр тэмцээнд оролцсон бөгөөд цөөн зэвсгийг ээлжлэн ашиглаж байсан тул буудлагын явцад зэвсэг гацах, бохирдох, цэвэрлэж амжихгүй байх гэх мэтээр тодорхой хэмжээнд бэрхшээлтэй учирлаа.

Гэвч энэхүү бэрхшээл саадыг үл харгалзан гар бууны “Standard” ангилалд ОУХМ Д.Наранбаатар алт, спортын дэд мастер Ц.Адилтулга мөнгө, спортын мастер Д.Золзаяа хүрэл медалийг тус тус хүртэж, тус ангилалд Монголчууд 100%-ийн амжилт үзүүллээ. Гар бууны “Standard” ангилалд нийт 20 тамирчин оролцсоноос 7 нь Монголын тамирчид байсан юм.

14456743_1392886317406250_1570081506_o

Харин гар бууны “Open” ангилалд 66 буудагч өрсөлдсөнөөс манай тамирчдын хувьд хамгийн өндөр амжилтыг “Хишигтэн” багийн тамирчин М.Ариунтулга үзүүлж 75.31%-ийн амжилтаар 13-р байр эзэллээ. Тус ангилалд манайхаас 10 тамирчин оролцсон боловч дээр дурьдсан шалтгааны улмаас төдийлөн өндөр амжилт үзүүлж чадаагүй.

14446373_1392880267406855_1004611223_o

Мөн гар бууны “Classic” ангилалд 25 хүн оролцсон ба манай 3 тамирчин хараахан өндөр амжилт үзүүлж чадаагүй ч тэмцээнээ амжилттай өндөрлүүлсэн юм. Галт зэвсэгтэй дөнгөж саяхнаас харьцаж эхэлж байгаа эхлэн суралцаж байгаа 2 бүсгүйн маань хувьд тэмцээний дундаас хасагдаагүй гэдэг бол их амжилтын эхлэл. Учир нь практик буудлагын спорт нь аюулгүй ажиллагааг дээд зэргээр шаарддаг, хатуу чанд дүрэмтэй спорт билээ.

14470476_10210043162577608_9098752309508917669_n

Карабины төрөлд хамгийн олон буюу 126 тамирчид өрсөлдсөн агаад манай тамирчдын хувьд мөн төдийлөн өндөр амжилт үзүүлж чадаагүй. Тус тэмцээн нь “албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн дайчид”-ын дурсгалд зориулагдсан тул оролцогчид нь гол төлөв ОХУ-ын тусгай алба хаагч нар байдаг. ОХУ-ын алба хаагчдын хувьд карабины хэрэглээ өндөртэй, байнгын бэлтгэлтэй байдаг нь тус тэмцээнээс тодорхой харагдаж байлаа.

14494804_10210043154977418_4986640855678239408_n

ОХУ-д практик буудлагаар хичээллэх боломж бүрэн нээлттэй, сум, буу, хэрэгсэл хямд үнэтэй байдаг. Харин манай тамирчдын хувьд сум өндөр үнэтэй, олдоц ховор байдаг тул байнгын тогтвортой бэлтгэл хийх боломж хомс. Эдгээр болон бусад шалтгааны улмаас энэ удаагийн тэмцээнд Монгол улсын тамирчид өндөр амжилт гаргаж чадаагүй боловч бид бүгдийн хувьд арвин туршлага хуримтлуулсан сайхан тэмцээн, өгөөжтэй сургалт боллоо. Дашрамд дурдахад нэг өдөр бэлтгэл хийснээс, нэг удаа тэмцээнд оролцох нь тухайн тамирчны хувьд илүү үр дүнтэй дадлага болдог юм.

Тэмцээний тухай албан ёсны мэдээллийг эндээс үзээрэй.