Монголын спорт

Паралимп 2016 өндөрлөв

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Өмнөд Америк тивд анх удаа зохиогдсон паралимпийн наадамд 160 орны 4342 тамирчин спортын 23 төрөлд өрсөлдсөн юм. ОХУ-ын баг тамирчид сэргээшийн асуудлаас болж, энэ удаагийн наадамд оролцох боломжгүй болсон.

Монголын паралимпийн тамирчид одоогоос 16 жилийн өмнө Австралийн Сидней хотноо болсон “Сидней 2000” Зуны XI паралимпид хөнгөн атлетик, байт харвааны хоёр тамирчин анх оролцсон түүхтэй. Тэгвэл “Афин 2004”-т гурав, “Бээжин 2008”-д дөрөв, “Лондон 2012”-т зургаан тамирчин өрсөлдөж байсан юм. “Рио 2016” наадамд найман тамирчин байт харваа, жүдо бөх, буудлага, хөнгөн атлетикийн төрлүүдээс гадна анх удаа пауэрлифтингийн төрөлд өрсөлдлөө.

uuganhuu-1_700_700

9-р сарын 8-нд буюу паралимпийн наадмын тэмцээн уралдаан эхэлсэн өдөр жүдогийн төрөлд 60 кг-ийн жинд, В3 буюу сул хараатай ангилалд Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ.

sodnompiljee-3_700_700

9-р сарын 12-нд пауэрлифтингийн +88 кг-д Э.Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Монголын найман тамирчин спортын таван төрөлд Риод өрсөлдсөнөөс жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар ХҮРЭЛ медаль хүртэж, байт харвааны холимог баг болох Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар IV байр эзэллээ. Мөн хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтээр V байр эзэлж, Азийн рекорд амжилтыг тогтоосон гээд амжилт дүүрэн Риогийн наадмыг өндөрлүүлэв.

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn