Монголын спорт

Рио-2016 зуны олимпийн тоглолт дууслаа

Өмнөд Америк тивд зохиогдсон анхны олимпийн наадам Бразилын Рио-де-Жанейро хотноо явагдаж дууслаа. Зуны XXXI олимпийн наадамд Олон Улсын Олимпийн Хорооны тугийн дор оролцсон дүрвэгсдийн багийн хамт 207 орны 11 мянга гаруй тамирчид, спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдлөө. 

Монголын тамирчид 1964 онд анх олимпийн наадамд оролцсон бөгөөд энэ удаагийн “Рио 2016” нь 13 дахь удаагийнх. Анхны “Токио 1964” наадамд 21 тамирчин оролцож байсан бол “Монреаль 1972”, “Москва 1980” наадамд хамгийн олон буюу 43 тамирчин оролцсон. Харин эрх авч оролцдог болсноос хойш “Барселона 1992”-т 33, “Атланта 1996”-д 16, “Сидней 2000”, “Афин-2004”-т 20, “Бээжин 2008”, “Лондон 2012”-т тус бүр 29 тамирчин илгээж байжээ.

Тэгвэл “Рио 2016” наадамд Монголын 42 тамирчин спортын 8 төрөлд эрхийн болзол хангасан  байсан агаад наадмын нээлт болохоос хэдхэн хоногийн өмнө хүндийн өргөлтийн төрөлд ОХУ-ын тамирчин сэргээшийн асуудлын улмаас эрхээ хасуулж, манай тамирчин нөхөн оролцохоор болсноор Монгол улс нийт 43 тамирчнаа илгээсэн юм. Тус наадмаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Доржсүрэнгийн Сумъяа мөнгө, боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртэж, өмнөх 12 олимпоос 23 тамирчин нийт 24 медалиар энгэрээ мялаасан бөгөөд Д.Сумъяа 25, Д.Отгондалай 26 дахь тамирчин болсон юм.

7(187)dfds

АНУ бусдаасаа хол тасархай байж 46 алт, 37 мөнгө, 38 хүрэл, нийт 121 медаль хүртсэн амжилтаар медаль хүртсэн орнуудыг тэргүүлсэн бол Их Британи /27+23+17/, БНХАУ /26+18+26/, ОХУ /19+18+19/, Герман /17+10+15/ улс эхний байруудад бичигдсэн. Хоёр медальтай Монголын баг Энэтхэгийн хамт 67-р байрт жагслаа. Тэгвэл дөрвөн жилийн дараа олимпийн наадмыг зохион байгуулах Японы баг тамирчид 12 алт, 8 мөнгө, 21 хүрэл медальтайгаар жагсаалтыг VI байрт орсон юм. Харин тэмцээнийг зохион байгуулагч Бразил улс 7 алт, 6 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, XIII байрт бичигджээ. 87 орон медаль хүртсэнээс Вьетнам, Косово, Фижи, Сингапур, Пуэрто Рико, Бахрейн, Йордан, Тажикистан, Кот д’Ивуар улс анх удаа олимпийн аваргатай болжээ.

Олимпийн наадмын үеэр байт харваа, буудлага, усанд сэлэлт, хүндийг өргөлт, дугуй, хөнгөн атлетик, сэлүүрт завь, каноэ завь, орчин үеийн пентатлон гэсэн спортын есөн төрөлд олимпийн 65 дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. АНУ-ын домогт усанд сэлэгч Майкл Фелпс  31 насандаа Риогийн олимпийн наадмаас таван алт, нэг мөнгөн медаль хүртэж нийт олимпийн 23 алтан медаль, гурван мөнгөн медаль, хоёр хүрэл медальтайгаар тамирчны замналаа өндөрлүүлж байна. Түүнчлэн Ямайкийн алдарт хөнгөн атлетикч, дэлхийн рекордыг эзэмшигч Усэйн Болт 30 насандаа 3 олимпийн тоглолт дараалан 100м, 200м-ийн гүйлтийн төрөлд аваргалснаар олимпийн 8 алтан медальтай болж спортын түүхэнд мөнхөрлөө.

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn, news.gogo.mn