Зарлал

2016 оны Карабины УАШТ-ний тов

2016 оны 8-р сарын 27-ны Бямба гаригт 09:00 цагаас Монголын Практик Буудлагын Холбооны Буудлагын талбай дээр практик буудлагын спортын Карабины төрлөөр Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Практик буудлагын спортын тэмцээнд оролцож байгаагүй, сургалтад хамрагдаагүй хүмүүсийг тэмцээнд оролцуулахгүй.  

Тэмцээнд зөвхөн МПБХ-ны гишүүд, практик буудлагын сургалтад хамрагдсан, тэмцээнд оролцож байсан төрийн тусгай албан хаагчид оролцох боломжтой  бөгөөд шаардлага хангаж буй тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ бөглөнө үү.

ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Тус тэмцээн нь  Олон Улсын Практик Буудлагын Холбоо (IPSC)-ны дүрэм журам, Монгол улсын хуульд заасан үндэслэл, зохих зөвшөөрлүүдийн дагуу МПБХ-ны тэмцээн явуулах журмаар зохицуулагдаж байгаа, IPSC-Level II түвшний карабины төрлийн тэмцээн болно.

Тэмцээний зорилго

  • Монгол улсын иргэдэд Буудлагын спортыг Практик буудлагын спортын хүрээнд сурталчилан таниулах.
  • Буудлагын спортын тамирчид, төрийн тусгай албан хаагчдын галт зэвсэгтэй аюулгүй харьцах чадварыг бататгах, ур чадварыг нэмэгдүүлэх.
  • Хэрэглэгдэж буй галт зэвсгийн  ашиглалтыг сайжруулах.
  • Төрийн тусгай алба хаагчдын мэргэжлийн бэлтгэл сургалтын чанарыг сайжруулах зорилгоор практик буудлагын спортыг хавсарга байдлаар хөгжүүлэх.
  • Хүүхэд залуучуудын дунд эх орноо хайрлах, хамгаалах, Монгол Улсын Зэвсэгт Хүчинд алба хаах сонирхол, хүмүүжил төлөвшлийг бий болгох.

Ерөнхий зүйл

1. Дасгалын мэдээлэл

5 дасгалд 5 бүлэг буудагч байна. Эхний бүлэг буудагч дасгалыг гүйцэтгэж дуусаад дараагийн дасгал руу шилжин явна.

Нийт 81 сумны дасгал гүйцэтгэнэ:

1-р дасгал 10 сум
2-р дасгал 10 сум
3-р дасгал 9 сум
4-р дасгал 18 сум
5-р дасгал 34 сум

3. Оноо тооцох

Тэмцээнийг практик буудлагын спортын дүрмээр явуулна.  Дасгал бүрийг бүртгэгдсэн оролцогч нар ээлж дараагаар гүйцэтгэнэ. Дасгал гүйцэтгэх буудагч нь дасгалыг гүйцэтгэх үедээ талбайн шүүгчийн команданд бүрэн захирагдана.

Буудагч бүрт хувийн онооны хуудас олгогдох ба талбайн шүүгчээр авсан оноо, дасгалыг гүйцэтгэсэн хугацааг тэмдэглүүлж гарын үсэг зурна. Хугацааг секундын зууны нэгжээр нарийвчлан тооцно. Онооны хуудсыг онооны шүүгч хураан авч цахим хэлбэрээр дүнг гаргана.

Үр дүнг тооцохдоо тухайн дасгалд авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хуваана. Буудлагын үр дүнд авсан оноог мянганы нэгжээр нарийвчлан тооцно.  Дасгал бүрд авсан оноог нэгтгэн эцсийн дүнг боловсруулна. Хамгийн өндөр оноо авсан буудагчийг ялагчаар тодруулна.

4. Байнууд

20 ба 35 сантиметрийн диаметртэй төмөр бай (гонг), IPSC цаасан байнуудыг ашиглана. Цаасан байг байршуулах дээд өндөр 1,5 м.

5. Сум, зэвсэгт тавих шаардлага

Карабин буюу 60 см-ээс богино гол төмөртэй, 5,45 мм-с дээш калибрийн бүх төрлийн хагас автомат, автомат (зөвхөн албаны буудагч нарт зөвшөөрнө) ажиллагаатай галт зэвсэг ашиглана. Гал нээхдээ зөвхөн нэгийн галын тохиргоон дээр тавина.

5,45х39мм-с дээш бүх төрлийн калибрийн сум ашиглагдана. Шатаагч болон гэрэлтэгч сум ашиглахыг хориглоно. Аливаа сум хэрэгслийг Шүүгч аюултай гэж үзвэл тэмцээнд ашиглахыг зөвшөөрөхгүй.

6. Шагнал, урамшуулал

Тэмцээний төрөлд эхний 3 буудагчийг шалгаруулна.

1-р байр: Медаль, батламж,спортын цол  үнэ бүхий зүйлс
2-р байр: Медаль, батламж, спортын цол үнэ бүхий зүйлс
3-р байр: Медаль, батламж, спортын цол үнэ бүхий зүйлс

Түрүүлсэн багт: батламж, медаль

Шүүгчийн команд

Дасгалыг гүйцэтгэх буудагч нь галын шугам дээр талбайн шүүгчийн “зэвсгийг цэнэглэж бэлдэнэ үү” командаар зэвсгийг гэр савнаас гарган цэнэглээд дасгалын заагдсан нөхцлөөр бэлэн байдалд орно.

Дараагийн “бэлэн үү?” командын хариуд буудагч ”Бэлэн” гэж хэлэх эсвэл толгой дохих, чимээгүй байдлаар дасгалыг гүйцэтгэхэд бэлэн гэдгийг илтгэнэ.

Шүүгч “АНХААР” команд өгч 1-4 секундын дараа дуут дохиогоор дасгалыг буудагч гүйцэтгэж эхлэх ба сүүлчийн буудалтаар хугацаа зогсоно.

Дасгал гүйцэтгэсний дараа шүүгчийн “Хэрэв буудаж дууссан бол зэвсгийг шалгаж аюулгүй болгоод харуулна уу” командаар цэнэггүй болгосон зэвсгийг талбайн шүүгчид харуулан дараагийн “Цэнэггүй бол Хяналтын буудлага хийнэ үү, зэвсэг ГЭРТ” командаар буудагч нь аюулгүй байдлыг сахин аюулгүй болгосон зэвсгийг гэр саванд хийх эсвэл зориулалтын тавиурт тавина.

Шүүгчийн “байг шалга” командаар бай руу явна. Шүүгч нар байг шалгаж алдаа оноог тэмдэглэнэ.Буудагч өөрийн онооны хуудас үнэн зөв бөглөгдсөн эсэхийг нягтлаад гарын үсгээр баталгаажуулна.

Аюулгүйн шаардлага

1. Ерөнхий шаардлага

Оролцогч тамирчид ба үзэгчдээс аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг биелүүлээгүй тохиолдолд тэмцээний талбайгаас гаргана. Практик буудлагын спортын аюулгүйн үндсэн дүрэм:

  1. Зэвсэгтэй үргэлж цэнэгтэй мэт харьцана.
  2. Зэавсгийг үргэлж аюулгүй зүгт чиглүүлнэ.
  3. Буудахын өмнө байны наана болон цаана юу байгааг үргэлж хянана.
  4. Зэвсгийг бай руу чиглүүлэхээс бусад тохиолдолд гох дээр хурууг тавихгүй.

Буудлагын талбайд байгаа бүх буудагч нарын карабин болон винтов төрлийн зэвсгүүд зориулалтын хайрцаг, тавиурт магазин угсраагүй, цэнэггүй байдалтай байна. Тэмцээний үед МПБХ-ны нийтлэг зааварчилгааг мөрдлөг болгоно.

2. Хувцас хэрэглэл

Тэмцээний хувцас хэрэглэл МПБХ-ны дүрмийн дагуу байна. Иргэний болон спорт холбоодын буудагч нар өнгөлөн далдлалтын болон цэргийн хувцас өмсөхийг хориглоно. Хууль сахиулах болон цэргийн байгууллагын буудагч нар дүрэмт хувцастай байж болно.  Буудлагын талбайд байгаа хүн бүр хамгаалалтын нүдний шил, чихэвчийг байнга зүүнэ. Нүдний хамгаалалтын шил, чихэвч үгүй буудагчийг тэмцээнд оролцуулахгүй .

3. Шүүгчийн шаардлага

Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр зэвсгийг гэрнээс гаргах, магазин угсрахыг хориглоно. Зэвсэгтэй харьцах бүх үйлдэл нь зөвхөн шүүгчийн командаар галын шугам дээр эсвэл “АЮУЛГҮЙН БҮС” дээр хийгдэнэ.

4. Аюулгүйн бүс

Аюулгүйн бүс гэдэг нь тухайн буудлагын талбайд аюулгүй зүгт хуурай дасгал хийх, Зэвсгийг задалж угсрах, тослох, засвар үйлчилгээ хийх зэрэг буудахаас бусад үйлдэл хийхийг зөвшөөрсөн газрыг хэлнэ. “Аюулгүйн бүс”-д хориглох зүйл

  • Сум бүхий магазинд гар хүрэх,
  • Сум болон түүнтэй ижил төстэй загварын сум хэрэгслийг гарт барих,
  • буунд сумтай магазин угсрах.

Буудагч галын шугамнаас бусад газарт зэвсгийг санамсаргүй унагаасан тохиолдолд тэмцээнээс хасагдах арга хэмжээ авагдахгүй ба зэвсгийг газраас өөрөө авахыг хориглоно. Талбайн шүүгч унасан зэвсгийг газраас авахдаа оролцогч болон үзэгчдийг холдуулж, зэвсгийн  амыг аюулгүй зүгт харуулан авна.

Буудлагын талбайн /Аюулгүй бүсээс бусад/ аль ч хэсэгт магазиныг сумлаж болно. Ажил үүргийн шаардлагаар биедээ зэвсэг авч явах эрх бүхий зарим төрийн тусгай албад /буудагч нар буудлагын талбай руу орохоос өмнө зэвсгийг цэнэггүй болгож, гарахдаа цэнэглэн авч гарахыг зөвшөөрнө.

Тэмцээнээс хасах

Тэмцээнээс дараах шалтгаанаар шууд хасагдана. Үүнд:

  • Дасгалыг гүйцэтгэх явцад буудлагын аюулгүйн өнцөг алдсан.
  • Дасгалыг гүйцэтгэх шилжилт хөдөлгөөний үед гох дээр хуруу тавьсан.
  • Дасгал гүйцэтгэх үед зүй бус үг хэллэг хэрэглэсэн.
  • Ёс бусаар биеэ авч явсан. Бусадтай хэрэлдэж, маргалдсан.
  • Галын шугамнаас гадна зэвсгийн  магазиныг угсарсан.
  • Галын шугам болон бусад газар зэвсгийн хошууг аюултай зүгт чиглүүлсэн тохиолдолд тэмцээнээс хасна.