2016 оны 5-р сарын 21-ний Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр багийн “Квартет” тэмцээн аюул осолгүй, амжилттай зохион байгуулагдлаа. Холбооны 2016 оны төлөвлөгөө ёсоор тус тэмцээн нь гар бууны төрлөөр явагдах ёстой байсан боловч сум байхгүйн улмаас тэмцээнийг карабины төрлөөр зохион байгуулахаар холбооны удирдлагын зүгээс шийдвэрлэсэн юм.
“Квартет” тэмцээн нь багийн тэмцээн бөгөөд зөвхөн багийн дүнгээр аварга шалгаруулсан. Багийн гишүүн тус бүр нийт 36 сумны 3 дасгал гүйцэтгэсэн бөгөөд ОУПБХ-ны дүрэм ёсоор нэг багийн 4 хүнээс хамгийн өндөр оноотой 3 хүний онооны нийлбэрээр багийн дүнг тооцдог.
Тэмцээнд “Betta”, “Team-FMA”, “Center”, “X”, ТТХГ-ын “Чэрби” болон ЦЕГ-ын ТАГ-ын “Найзууд-1”, “Найзууд-2” гэсэн 7 багийн 27 хүн оролцсон бөгөөд “Х” баг 3 хүнтэй буюу баг бүрдээгүй тул тус багийн дүнг тооцоогүй юм. Тэмцээний удирдамж ёсоор цор ганц ялагчийг шалгаруулсан бөгөөд ЦЕГ-ын ТАГ-ын “Найзууд-1” баг түрүүлж, 200,000 төгрөгөөр шагнуулав.
Удаах байруудад ТТХГ-ын “Чэрби” болон “Team-FMA” багууд орлоо.