Монголын спорт

Эмэгтэй туйванч Бразил явна

“РИО-2016” олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг түрүүллээ. Эмэгтэйчүүдийн 75кг-д өрсөлдсөн М.Анхцэцэг огцомоор 112 кг, түлхэлтээр 132 кг, нийлбэрээр 244 кг-ыг өргөн аварга цол хүртэж Үзбекстаны Ташкент хотноо төрийнхөө дуулалыг эгшиглүүллээ. Энэ жинд Япон, Энэтхэг, БНСУ, Узбекстан, Тайвань зэрэг найман орны 10 тамирчин өрсөлдсөн юм.

Азийн аварга шалгаруулах тэмцээний нийлбэр багийн дүнгээр олимпийн эрх олгох байсан. Хүндийн өргөлтийн холбооны тамирчид “Бид нэг баг” уриатайгаар бүтэн багаараа Азийн аваргад оролцсон. М.Анхцэцэгийн алтан медаль багийн дүнд онцгой нөлөө үзүүлж, эмэгтэй баг нийлбэр дүнгээр IV байр эзэлж Рио-2016 олимпийн наадамд оролцох эрхийг М.Анхцэцэг өвөртөлсөн юм.

Мөнхжанцангийн Анхцэцэг. Энэ жил 18 настай. Тэрээр хүндийн өргөлтийн спортоор хичээллээд 8 жил болох хугацаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсын рекордыг 69 удаа шинэчлэн тогтоосон. 2009 онд спортын дэд мастер, 2010 онд спортын мастер цолыг хүртсэн бол 2011 онд 13 насандаа ОУХМ цолны болзлыг биелүүлжээ.

QTcSLlagDA_700

М.Анхцэцэг “Наньжин-2014” залуучуудын II олимпод шагналт IV байрыг эзэлсэн. Үүний дараа насанд хүрэгчдийн дэлхийн аваргад хоёр жил дараалан оролцож, Монголын хүндийн өргөлтийн холбооны түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Тэрээр 2014 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д X байрт орж байсан амжилтаа өнгөрсөн онд хоёр байраар ахиулж, улмаар медалийн төлөө өрсөлдсөн. Мөн амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд оролцож, IV байрыг эзэлсэн. Ийнхүү найман жилийн өмнө өөрийн сонирхлоор штанк өргөж, энэхүү спортыг сонгосон тэрээр өнөөдөр тивийн аварга болж, улмаар “РИО-2016” олимпийн наадамд оролцохоор боллоо.

Мэдээллийн эх сурвалж: news.gogo.mn