Жүдо бөхийн Ази тивийн АШТ-ний дүн

Монголын жүдочид Узбекистан улсын Ташкент хотноо болсон 2016 оны Ази тивийн АШТ-нд өндөр амжилттай оролцож, 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл хүртэж медалийн арвин ургац хураав. Нэгдсэн дүнгээр Монголын баг Японы дараа 2-р байранд орж, жүдогийн төрлөөр тивдээ тэргүүлэгчдийн нэг мөн гэдгээ дахин баталгаажууллаа.

Тухайлбал, эрэгтэйчүүдээс 60 кг-д Д.Цогтбаатар хүрэл, 66 кг-д Д.Алтансүх алт, Д.Төмөрхүлэг хүрэл, 81 кг-д Н.Дагвасүрэн алт, -100 кг-д Н.Түвшинбаяр алт, эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг мөнгө, 52 кг М.Бундмаа хүрэл, 57 кг-д Д.Сумъяа алт, 63 кг-д Ц.Цэрэннадмид хүрэл, 78 кг-д П.Лхамдэгд хүрэл, +78 кг-д О.Жавзмаа хүрэл медаль тус тус хүртэв. Түүнчлэн тэмцээний сүүлийн өдөр болсон багийн тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр мөнгөн медаль хүртлээ.

Дашрамд сонирхуулахад Атлантын олимпын хүрэл медальт Д.Нармандах 1996 онд Вьетнам улсын Хо-Ши-Мин хотноо болсон ААШТ-нээс Монголын жүдочдоос анх удаа тивийн аварга хэмээх эрхэм алдрыг авчирч байснаас хойш манай жүдочид нийт 17 алтан медалийг эх орондоо авчирсан билээ.

Мэдээллийн эх сурвалж www.news.mn

Advertisements