Монголын спорт

Рио 2016-д олуулаа

Монгол улс зуны олимпийн наадамд 1964 оны Токиогийн олимпоос хойш тасралтгүй оролцож байгаа билээ. Анхны оролцсон Токиогийн олимп болон 2000 онд Австралийн Сидней хотноо болсон зуны олимпийн XXVII наадмаас бусад 11 наадмаас ямар нэгэн медаль авчирч байв. Тэр тусмаа 2008 онд урд хөршийн Бээжин хотноо болсон зуны олимпийн XXIX наадмаас 2 алтан медаль хүртэж байсан бол 2012 онд Лондонгийн олимпоос 2 мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль хүртэж байсан нь манай тамирчдын үзүүлсэн оргил амжилт юм.

Хэдхэн сарын дараа Бразил улсын Рио Де Жанейро хотноо эхлэх зуны олимпийн XXXI наадам мөн л бас нэг “хамгийн” тодотголтойгоор Монголын спортын түүхэнд бичигдэхээр байна. Өөрөөр хэлбэл энэхүү олимпод Монголын тамирчид урьд өмнөх олимпуудаас илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор болж байна. Манай улсын хувьд одоогийн байдлаар чөлөөт бөхөөр 9 (эрэгтэй 5, эмэгтэй 4), байт харваагаар 1 (эрэгтэй), буудлагаар 3 (бүгд эмэгтэй), марафон гүйлтээр 4 (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2), боксоор дөрөв (бүгд эрэгтэй), нийт 21 эрх өвөртлөөд байгаа юм. Түүнчлэн цагаан хуудсаар усанд сэлэлтийн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин Риог зорино.

Эдгээр 23 тамирчин дээр олимпийн оноо цуглуулж буй жүдогийн бөхчүүд маань бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ нэмэгдэх өндөр магадлалтай байна. Мөн чөлөөт бөх, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таэквондо, дугуйн төрлөөр нэмж эрх авах боломж бий.

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn