Сургалтын мэдээлэл

Практик буудлагын спортоор хичээллэхийн тулд манай холбоонд гишүүнээр элсэх шаардлагатай. Гишүүнээр элсэхийн тулд практик буудлагын спортын аль нэг төрлийг сонгож, сургалтад хамрагдана. Практик буудлагын спорт нь ашиглаж буй зэвсгээс хамааран 6 төрөлтэй бөгөөд эдгээрийн 5 нь галт зэвсэг, нэг нь хийн гар буу юм.

Одоогоор манайх:

  1. Карабин
  2. Гар буу
  3. Хийн гар буу

гэсэн 3 төрлийн сургалт явуулдаг. Аль ч сургалт нь дотроо гишүүнчлэлийн буюу анхан шатны сургалт, гүнзгийрүүлэх буюу ахисан шатны болон мастер түвшний сургалт, мөн гишүүнчлэл сэргээх давтан сургалт гэсэн түвшинтэй.

Гишүүнчлэлийн буюу анхан шатны сургалт нь карабины төрлийн хувьд бүтэн ачаалалтай (өдөрт 6 цаг) дараалсан 3 хоног, нийт 900 сумны буудлагатай байдаг. Харин гар бууны төрлийн хувьд 3-5-3 гэсэн хуваариар буюу 3 өдөр хичээллээд түр завсарлаад 5 өдөр, дахин түр завсарлаад 3 өдөр, нийт 11 өдөр, нийт 4000 сумны буудлагатай бөгөөд карабины төрлөөс ялгаатай нь анхан болон ахисан шатны сургалт хамт хийгддэг.

Галт зэвсгийн сургалт нь ийнхүү бүтэн ачаалал бүхий төлөвлөлттэй байдаг тул сургалтад суух өдрөө суралцагч өөрөө сонгодог. Суралцагчид нэг ижил өдөр сонгоогүй тохиолдолд бусад хүнтэй давхцахгүй, ганцаарчилсан байдалтай явагдана. Галт зэвсгийн буюу карабин, гар бууны сургалтыг Улаанбаатар хотын төв цэгээс 33 км-ийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах буудлагын төв талбай дээрээ явуулдаг. Сургалтын галт зэвсгийг холбооны зүгээс хариуцна.

Анхан шатны сургалтад сууснаар холбооны гишүүн болж, цаашдын үйл ажиллагаанд оролцох эрх, боломж нээгдэнэ. Холбооны гишүүн болсноор:

  • Хөнгөлөлттэй буюу зах зээлийн үнээс хямдаар сум худалдаж авна.
  • Холбооны буудлагын талбайг үнэ төлбөргүй ашиглах эрх, боломжтой.
  • Хичээллэх цагийн хатуу хуваарьгүй, өөрийн боломжит цагтаа очно.
  • Гадаадын болон дотоодын тэмцээн, сургалт, аливаа үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

болно. Галт зэвсгээр суралцаж гишүүн болсноор жилд нэг удаа 300,000 төгрөгийн татвар төлөх бөгөөд өөр тогтмол төлбөр, хураамж байхгүй.

Харин Хийн гар бууны төрөл буюу Action Air төрлийн хувьд хот дотор, спорт зааланд, тодорхой цагийн хуваарийн дагуу хичээллэдэг. Хийн гар бууны сургалтыг одоогоор манай харьяа “Prime” клуб явуулж байгаа. Хийн гар бууны сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Prime Club-ийн сайтаас аваарай.

Хийн гар бууны төрлөөр суралцаж холбооны гишүүн болох тохиолдолд жилд нэг удаа 70,000 төгрөгний татвар төлнө. Гишүүний татвар болон клубт хичээллэх сарын төлбөр нь тусдаа ойлголт гэдгийг анхаарна уу.

Аль ч төрлийг сонгож хичээллэсэн, та зэвсэг, хэрэглэлээ өөрөө худалдаж авна. Практик буудлагын спорт нь бусад хэрэглэлт спортын адил тамирчин хувийн бэлтгэлээ өөрөө хангах ёстой. Яг л теннисний тамирчин өөрийн цохиуртай, мото спортын тамирчин өөрийн мотоциклтой байдгийн адил буудлагын тамирчин өөрийн зэвсэгтэй байх нь зүйн хэрэг юм.

МПБХ-ны хувьд зэвсэг худалдаалдаггүй, зөвхөн сургалтад ашиглах зэвсгээ импортлох эрхтэй. Иймд та зэвсэг худалдаж авах бол Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу зориулалтын дэлгүүрээс, эсхүл хувь хүнээс худалдаж авч болно. Түүнчлэн Монгол улсын иргэн жилд нэг удаа гадаад улсаас галт зэвсэг импортлох боломжтой байдаг.